Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

“ROMA” Оскарын шагналын түүхэнд шинэ хуудас нээж магадгүй байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Мексикийн найруулагч Альфонсо Куароны найруулсан Нэтфликсийн анхны уран бүтээл “Roma” энэ жил Оскарын гол шагнал болох шилдэг киноны шагналд нэр дэвшээд байна.

Хэрвээ уг бүтээл Оскарын хамгийн нэр хүндтэй шагналыг хүртвэл түүхэнд шинэ хуудас нээх юм. Нэгдүгээрт, Оскарын шагнал гардуулах ёслолын бүх 90 жилийн түүхэнд гадаад хэл дээр гарсан ганц ч уран бүтээл шилдэг киноны шагнал хүртэж байгаагүй.

Гадаад хэл дээр бүтээгдсэн ердөө есөн кино энэ төрөлд нэр дэвшиж байсан ч шилдэг киноны шагналыг огт авч байгаагүй юм.

Харин “Roma” нь Оскарын шагнал гардуулах 91 дэх арга хэмжээний шилдэг киноны төрөлд нэр дэвшиж, түүхэнд арав дахь нь болж байна.

Кинонд 1970-аад оны Мехико хотын дундаж гэр бүлийн үйлчлэгч эмэгтэйн түүхийг өгүүлдэг. Найруулагч Куарон өөрийг нь болон ах дүүсийг нь өсгөсөн гэрийн үйлчлэгч эмэгтэйн түүхээс уг киногоо сэдэвлэн бүтээсэн гэдэг.

Хоёрдугаарт, “Roma” нь видео стриминг үйлчилгээнд зориулж бүтээсэн кино бөгөөд ийм кинонууд дотроос анх удаа Оскарын шилдэг киноны шагналд нэр дэвшсэн юм.

Оскарын уламжлал ёсоор нэр дэвших кинонуудыг АНУ-ын кино театруудад заавал үзүүлсэн байх ёстой. Нэтфликс компани уг шаардлагад нийцүүлэхийн тулд “Roma”-г АНУ-ын кинотеатруудад гурван долоо хоног гаргасны дараа өөрийн стриминг сүлжээнд байрлуулж байжээ.

Одоо Нэтфликс уг бүтээлээ гадаад хэл дээрх шилдэг кино, оны шилдэг кино шагналуудад зэрэг нэр дэвшүүлээд байна.

2018 онд өөрийн сүлжээнд тусгайлан зориулсан уран бүтээлүүдийг үйлдвэрлэхэд $12 тэрбумыг зарцуулсан Нэтфликс компани “Roma” уран бүтээлээ Оскарт нэр дэвшүүлж, сурталчлах үйл ажиллагаанд $25 сая гаруйг зарцуулжээ.

Дээр дурдсан төрлүүдээс гадна шилдэг найруулагч, шилдэг зураглаач, шилдэг кино зохиол, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин, хөгжмийн шилдэг найруулга зэрэг нийт 10 төрөлд “Roma” нэр дэвшээд байгаа юм.

Яг одоо Оскарын шагнал гардуулах 91 дэх удаагийн ажиллагааны “улаан хивс”-ний ёслол үргэлжилж байна.

 

Эх сурвалж: Quartz