Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Төрийн нэг сангаас зээл авч нөгөө сангийн зээлээ төлдөг байдал байж

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2179088345752943/

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Сангийн яам хоёр асуудал орууллаа.

Эхний асуудал нь Блокчейн технологи дээр үндэслэсэн платформыг ашиглаж Засгийн газар үнэт цаас гаргах журмыг баталлаа. Өмнө нь Засгийн газар үнэт цаасыг арилжааны банкуудад түлхүү санал болгодог байсан бол одоо Засгийн газар үнэт цаас гаргавал блокчейн технологи дээр үндэслэн платформыг ашиглаж бүх хүн, ААН-д үнэт цаасаа санал болгох боломжийг бүрдүүлж өгч байна.

Энэ бол зээлийн хүүг буулгах, банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ийм зүйл болсон. Энэ журмыг ашиглах хэрэгцээ шаардлага өнөөдөртөө байхгүй байгаа. 2019 оны нэгдүгээр сарын татварын орлого давж биелсэн. Ашиглах эсэх нь тодорхой биш байгаа ч хууль эрх зүйн орчинг бий болгож байгаа юм.

Засгийн газрын зарим тусгай санд дээр хийгдсэн шалгалтын дүнг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, авах арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоолыг дараагийн хуралдаанаар гаргахаар боллоо.

Тариалан эрхлэлтийн санг гэхэд байгуулагдсан цагаас нь эхэлж нэлээд урт хугацаанд шалгалт хийлээ. Мал хамгаалах сан, Боловсролын зээлийн сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх гэх мэт нэлээд олон сан дээр хийгдсэн шалгалтын дүнг танилцууллаа. Ингээд Засгийн газрын гишүүд бүх мэдээлэлтэй танилцсаны дараа дараагийн хуралдаанаас тогтоол гаргахаар боллоо.

Шалгалтын явцад нэг ААН гурван сангаас зэрэг зээл авсан тохиолдол хүртэл гарлаа. Мөн хоёр сангаас зэрэг зээл авсан 319 ААН байна.

Компаниуд зээлээ төлөхгүй байсан ч Монголбанканд бүртгэгддэггүй учраас зээлийн эргэн төлөлт удааширч байсан байна. Төрийн сангуудад төлөгдөөгүй байгаа хугацаа хэтэрсэн 130 орчим тэрбум төгрөг байсан нь сүүлийн нэгээс хоёр сард 100 орчим тэрбум төгрөг болгож бууруулаад байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан байгуулагдсанаас хойш гэхэд 16,000 гаруй ААН хоёр ба түүнээс дээш удаа зээл авч байсан байна. Энд нэг сангаас зээл авч нөгөө сангийн зээлийг төлдөг байдал байж. Зээл олгодог сангуудаа голлон шалгасан бөгөөд зарим санг татан буулгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Дараагийн долоо хоногийн хуралдаанаар шийдвэр гарсны дараа тодорхой мэдээлэл өгье" гэлээ.