Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Очир: Дэлхийн хамгийн цэвэр түлш нь байгалийн хий

Б.Төгс
2019 оны 2 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг

“Эрдэнэс Тавантолгой” компанийн зохион байгуулсан инновацийн үйлдвэрлэлийн зөвлөгөөнд эрдэмтдийн мэдлэг, ур ухаан, олон жилийн хөдөлмөр шингэсэн бүтээн байгуулалтын төслийн танилцуулгууд хийгдэж байлаа. Энэ үеэр хүрэн нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх төсөл оролцогчдын сонирхлыг багагүй татав. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр барих төслийн нэгжийн захирал Ж.Очиртой ярилцлаа.

-Юуны өмнө та төслөө танилцуулахгүй юу?

-Нүүрснээс байгалийн хий гаргаж авдаг технологийг дэлхийд 1980-аад оны үед нээж, өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Энэ технологийг Монголд нутагшуулах зорилгоор бид ажиллаж байгаа юм. Байгалиас олборлож байгаа хийг байгалийн хий гэж нэрлээд байгаа бол нүүрснээс тусгай технологийн дагуу гаргаж авсан хийг нийлэг байгалийн хий гэдэг юм. Хоёулаа адилхан метан хий. Монгол Улс хүрэн нүүрсний арвин их нөөцтэй.

Хүрэн нүүрсний энэхүү хямд нөөцдөө тулгуурлаад нийлэг байгалийн хий үйлдвэрлэх технологийг оруулж ирснээр бид эрчим хүчний шинэ хямд эх үүсвэртэй болох боломж байна. Дэлхий нийтийн чиг хандлага нь байгалийн хийг оновчтой хэрэглэхийн төлөө байгаа. Учир нь байгалийн хийг дэлхийн хамгийн цэвэр түлш гэж үздэг. Тиймээс дотоодын эх үүсвэрээр байгалийн хий үйлдвэрлэж, дотооддоо хэрэглэж сурах зорилгын төлөө зүтгээд байгаа юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, хуучнаар Уул уурхайн яам сүүлийн найман жилийн хугацаанд энэ төслийг хэрэгжүүлэх талаар судалгааны ажил хийж байгаа. Одоо хөрөнгө оруулагчидтай яриа хэлцлийн төвшинд явж байна.

Хөрөнгө оруулагчид тодорхой болж шийдвэр гарснаас 3-4 жилийн дараа үйлдвэр баригдаж дуусна. 2030 оны Улаанбаатар хотын хүн амын өсөлтөд тулгуурлан үйлдвэрийн хүчин чадлыг тооцсон. Улаанбаатар хотын жилийн хэрэгцээг 725 сая метр куб хэмжээгээр тооцож байгаа. Дээрээс нь зуны улиралд нийгдээ 320 мянган тонн шатахуун үйлдвэрлэнэ. Мөн шингэрүүлсэн шатдаг хий буюу ахуйд хэрэглэж байгаа хий, бордоо, аммиак зэргийг үйлдвэрлэх юм.

-Төслийн үр өгөөжийг хэрхэн тооцож байна вэ. Мэдээж нэн түрүүнд агаарын бохирдлын асуудал яригдах байх?

-Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болох гэр хорооллын болон бусад халаалтын зуух гэх мэт нүүрснээс үүсэж байгаа бохирдлыг 100 хувь шийдэх шийдэл нь хий. Хийнээс утаа, тоосонцор, үнс гарахгүй. Энэ төслөө хэрэгжүүлж чадвал агаар, хөрсний бохирдлыг давхар шийдэж чадна. Хөрсний бохирдлын хувьд жилд зөвхөн энэ үйлдвэрээс 36 мянган тонн азотын бордоо үйлдвэрлэж чадна. Энэ бол Улаанбаатар хотын хөрсийг тэр чигээр нь бордох, бүрэн ногооруулах хэмжээний бордоо гэсэн үг.

Азотын бордоо бол хөрсийг сийрэг болгож, ургамал ургах таатай нөхцөлийг бий болгодог. Азотын бордоогоор хөрсөө сэргээгээд, нүүрсээ хийгээр сольчихвол Улаанбаатар хот жинхэнэ утгаараа Азийн цагаан дагина болно доо.

-Үйлдвэр барих ТЭЗҮ бэлэн болсон гэж үнэн үү?

-Тийм ээ. ТЭЗҮ-г боловсруулж дууссан. Дэлхийн банканд хандсаны дагуу хоёр сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдэж өгсөн. Тэр мөнгөөр ТЭЗҮ болон байгаль орчинд, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсэн. Энэ хоёр хоёулаа байж олон улсын банкууд хүлээн зөвшөөрдөг юм. Олон улсын стандартад нийцэх, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний ТЭЗҮ, үнэлгээг нь Дэлхийн банк хийгээд өгчихсөн, бэлэн байна гэсэн үг.

-Тэгвэл одоо үйлдвэр барих санхүүжилт нь хүлээгдэж байгаа юм байна. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа вэ?

-Нийтдээ 2.5 тэрбум ам.доллар хэрэгтэй. Энэ тоог сонсоод асар их хөрөнгө оруулалт болох нь гэж хараад байна. Энэ мөнгөөр 50 мянган айлын орон сууц барина. Гэхдээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бүхэлд нь шийдвэрлэхэд их мөнгө биш юм.

-Гэхдээ 50 мянган айлыг орон сууцжуулна гэдэг багагүй тоо байна?

-Тавьхан мянган айлыг орон сууцанд оруулъя. Үлдсэн нь утаа гаргадгаараа гаргана шүү дээ. Харин нийтээр нь түлшийг нь сольчихвол бүгд хөгжих боломж нь нээгдэнэ. 210 мянган айлын асуудал, дээрээс нь 2,000 гаруй уурын зуухыг ярихгүй орхиод байна. Мөн бидэнд 400-гаад мянган машин, 1,000 гаруй том оврын автобус байна. Бүгдийг нь энэ хийгээр хангачихна. Агаарын бохирдлын 20-иод хувь нь автомашинаас үүсэж байгаа. Автомашин бол өвөл, зунгүй явдаг.

Бидэнд харагдаж байгаа нь л өвлийн утаа болохоос биш зунжингаа бохирдолтой агаараар амьсгалдаг хэвээрээ. Хотын засмал зам дээр байгаа нарийн тоосонцрыг хэн ч тоохгүй байна. Давхиж өнгөрч байгаа машин болгон тоосонцор үүсгэж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр бүх асуудлыг цогцоор нь шийдэж чадна.

Нөгөөтэйгүүр, үйлдвэр өөрөө бизнесийн зарчмаар явна. Тэнд үйлдвэрлэл явагдана, ажлын байр бий болно, ашиг олно, татвар төлнө. Орон сууц барьж өгөхөд ямар ашиг гарах вэ. Ямар ч үйлдвэрлэл тэнд явагдахгүй. Харин ч та байранд ороод өртэй үлдэнэ. Байранд ороод гэр хороолол багасахгүй л дээ. Хашаа болгонд хүн үлдэнэ, гал түлнэ, яндан буурахгүй. Тэгэхээр гол шийдэл нь цэвэр түлш юм.

-Хөрөнгө оруулалтаа шийд-чихвэл үйлдвэр 3-4 жилийн хугацаанд баригдчих юм байна. Бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хэзээ ирэх вэ?

-Засгийн газраас хөрөнгө оруулагчидтай тохироод шийдвэр гарсан өдрөөс эхлээд бид хий хэрэглэж эхэлнэ. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр үйлдвэр баригдаж дуусах хүртэл импортоор хий нийлүүлж хэрэглээг бий болгох учиртай. Хэрэглээ өсөөд ирсэн үед үйлдвэр ороход шууд холбогдоно гэсэн үг. Хийг дамжуулах, түгээх гэдэг бас том ажил. Төр бодлогоороо хувийн хэвшилтэй хамтраад цааш явах ёстой.

-Нийслэлийн хэрэгцээг 100 хувь хангаад цаашид экспортод гаргах хүчин чадал ТЭЗҮ-д тусгагдсан уу?

-Мэдээж байгаа. Бидний хоёр дахь боломж бол экспортод гаргах. Дараагийнх нь гурван улсыг холбосон байгалийн хийн хоолойтой болох. Цаашлаад дэлхийн байгалийн хийн сүлжээнд улсаа холбох том зорилго бий.

Зураг