Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл орон даяар эхэлж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэлийн хурал хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ: Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл явагдана. Шалгалтаа өгсний дараа хариугаа шууд авах боломжтой болсон. Урьдчилсан байдлаар 20,000 шалгуулагч оролцоно. Засалт хийх ангийг бэлдэх учир шалгуулагч өөрийн бөглөсөн материалын засалтын явцыг харах боломжтой.
Монгол хэл, бичгийн шалгалт энэ жил 400 босго оноотой болсон. Шалгалт гуравдугаар сарын 23-нд явагдана. Гуравдугаар сарын 4-нд монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл хаагдана.
Бүртгүүлэх холбоос: www.eec.mn
Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат: Өнөөдөр бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор долоо хоногийн хугацаанд үнэлгээний төвийн мэргэжилтнүүд нийслэлийн бүх сургууль болон зарим аймгийн сургуулиуд дээр очин, сурагчид болон багш нарт зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Бүртгэлийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй.
ЕБС төгсөгчдийн анхаарах зүйлс нь мэргэжил сонголтоо зөв хийх хэрэгтэй. Сонгосон мэргэжлээрээ суралцахын тулд ямар хичээлээр шалгалт өгөхөө багш нар, эцэг, эхтэйгээ сайтар ярилцаж байж шалгалтдаа бүртгүүлэх нь зүйтэй. Бүртгэлийг хэдэн ч удаа хийж болно. Гэхдээ баталгаажуулалт нэг л удаа хийх боломжтой.
Энэ жил хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгнө. Дээд тал нь 10 хичээлээр шалгалт өгч болно.
Хэдэн хичээлээр шалгалт өгөх нь тухайн хүүхдийн өөрийнх нь сонголт. Тавдугаар сарын 15-наас хойш өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хүссэн үедээ өөрийн шалгалт өгөх суудлын хуваарийг хэвлэж авч болно.
Энэ жил шалгуулагчийн тоо харьцангуй цөөн байх магадлалтай байгаа тул шалгалтын 30 байрыг бэлдэхээр төлөвлөсөн. Үүнээс 22 нь орон нутагт, найм нь нийслэлд байхаар төлөвлөж байгаа ч бүртгэл хаагдсаны дараагаар эцэслэн шийдвэрлэнэ.
ЭЕШ-ын хугацааг БСШУСЯ-тай хамтран товлоно. Урьдчилсан байдлаар ЕБС-ийн хичээл дуусссанаас хойш 3 хоногийн дараа товлохоор саналаа хүргүүлсэн.
Шууд засалт нэвтэрч байгаатай холбоотойгоор шалгуулагч нь шалгалтаа өгсөн даруйдаа анхны оноогоо мэдэж авна. Анхны оноо гэдэг нь тухайн хичээл дээр авах ёстой 100 онооноос хэдийг авсныг харуулах оноо. Улсын хэмжээний нэгдсэн жагсаалт шалгалт явагдсанаас хойш 24 цагийн дараа гарна. Хичээл тус бүрээр нь жагсаалт гаргана.
Батламж хуудсыг 3 хоногийн дотор шалгуулагчдын гарт хүргэнэ. Монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн нийт шалгуулагчид заавал өгөх ёстой. Босго оноо нь 400. Гуравдугаар сарын 23-нд эхний шалгалтыг авна. Энэ жил 12 дугаар ангид суралцаж буй нийт сурагчдыг Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлд автоматаар бүртгэнэ.
Хоёр дахь шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд авна. Энэ шалгалтад өмнөх удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй хүүхдүүд болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалт өгч чадаагүй хүүхдүүд өгөх юм.
ЭЕШ ерөнхий боловсролын "Цөм" хөтөлбөрийн агуулгын хүрээнд авагдана.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй. Хоёр удаагийн шалгалтаараа босго оноонд хүрээгүй байсан ч бусад хичээлийн шалгалтаа өгөх эрхтэй. Бусад хичээлийн шалгалтын оноо нь их, дээд сургуулийн болзлыг хангасан бол ирэх жил нь монгол хэл, бичгийн шалгалтаа өгч, босгоо давснаар тухайн сургуульдаа элсэн суралцах боломжтой. ЭЕШ-ын оноо нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй.
Монгол хэл, бичгийн шалгалтын агуулгын 25 хувь нь эх найруулан бичих, 25 хувь нь монгол бичгийн даалгавар байх юм. Монгол хэл, бичгийн шалгалт үнэ төлбөргүй. Бусад хичээл тус бүр нь 5,800 төгрөг, хэдэн ч хичээлээр шалгалт өгсөн бай батламж хуудас нь 700 төгрөг.
Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчдад зориулан тусгай байрыг бэлдэнэ.Өнгөрсөн жил 27 шалгуулагч оролцсон. Харааны бэрхшээлтэй шалгуулагчид брайль үсгээр сэдвийг бэлддэг. Харин сонсголын бэрхшээлтэй шалгуулагчдад дохионы багш оруулдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!