Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ховордсон барын төрөл зүйлийг үржүүлэх ажиллагаа бүтэлгүйтэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Эмэгчин бар Метали бамбарын хамт

Дэлхийд нэн ховордож, мөхлийн ирмэгт хүрээд байгаа Суматрын барыг өсгөн үржүүлэх мэргэжилтнүүдийн оролдлого бүтэлгүйтжээ.

Лондон хотын амьтны хүрээлэнд байгаа цорын ганц эмэгчин барыг хээлтүүлэхээр Данийн хүрээлэнгээс эрэгчин барыг авчраад байв.

Лондон Хотын Зоологийн Нийгэмлэг Асим нэртэй эрэгчинг Метали нэртэй эмэгчинтэй нэгтгэхээр 10 хоног зэргэлдээ торонд байлган дасгасны эцэст Баасан гарагийн өглөө нийлүүлжээ.

Гэвч барнууд нийлсэн дороо тулалдаж, эрэгчин нь эмэгчнийхээ амийг хөнөөсөн байна. Араатнуудын тулааныг зогсоохоор мэргэжилтнүүд чанга дуу чимээ гаргах зэрэг арга хэмжээ авсан ч Металиг аварч чадаагүй гэнэ.

10 настай Метали өмнөх эрэгчин Жай Жай нэртэй барнаас гурван бамбар төрүүлээд байсан юм.

Тэрээр нийт таван бамбар төрүүлснийг амжилттай өсгөж, Европын амьтны хүрээлэнгүүдэд тараажээ. Нэгдүгээр сарын сүүлээр долоон настай Асимыг Данийн амьтны хүрээлэнгээс авч ирсэн бол өмнөх эрэгчин Жай Жайг Францын хүрээлэнд шилжүүлсэн байна.

Дасгах 10 хоногийн хугацаанд хоёр барын харилцаа сайжирч, бие биедээ татагдах шинж тэмдэг илэрч эхэлсэн тул мэргэжилтнүүд нэг торонд оруулах цаг болсон гэж үзжээ.

Гэвч нийлүүлэх үйл явц төсөөлж байгаагүй гэнэтийн үр дүнд хүрч, Европ тивд Суматрын барыг үржүүлэх хөтөлбөрт том гарз учирсан нь энэ юм. “Tigers in Crisis” байгууллагын тооцоолсноор өнөөдөр зэрлэг байгальд ердөө 500-600 толгой Суматрын бар үлдээд байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian