Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Чойжамц: Урвуулагч шороон гахай жилийн ёгт нэрийг урвах гэдэг утгаар ойлгож болохгүй. Бид муу зүйлийг сайнд урвуулж болох талтай

Үндэсний шуудан сонин
2019 оны 2 сарын 4
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн cap шинийн өнгө ямар байх талаар айлдав. Тэрбээр шороон гахай жилийн ёгт нэрийг тайлж хэлэхдээ “Урвуулагч шороон гахай жилийн ёгт нэрийг урвах гэдэг утгаар ойлгож болохгүй. Бид муу зүйлийг сайнд урвуулж болох талтай. Тийм учраас бид амьдралаа сайн сайхнаар авч явж болно л гэсэн утгыг илтгэж буй юм.

Монгол түмэн муу бүхнээ сайн сайханд урвуулж, муу зүйлээ хаяж, гээвэл амьдрал маань цэгцтэй сайхан болно" гэв. Мөн “Монгол түмний хамгийн хүндэтгэлтэй баярын нэг болох уламжлалт cap шинийн баяр удахгүй болох гэж байна. Монголчууддаа XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг та бүхэндээ дэвшүүлэв. Цагаан сарын баярыг монголчууд олон зууны турш тэмдэглэж ирсэн түүхтэй. Уламжлалт зан заншилтай, өв соёлтой, тусгаар тогтносон Азийн цээжид ийм сайхан улс байдгийг илтгэдэг баяр юм" хэмээн ярилаа.

АХМАДУУДАД ЭЭЛТЭЙ Ч НЯЛХАСТ ТААРУУ ЖИЛ БОЛНО

“Энэ жилийн зурхайн зурлагад шинэ жилдээ хэд хэдэн зүйлийг анхаарахаар байна. Шим ертөнц буюу хүн талаасаа авч үзвэл, ахмадуудад нэлээд ээлтэй жил болох нь ээ. Харин залууст дунд буюу сайн тал руугаа, нялхаст тааруухан гэж гарч байгаа Нялхас гэдгийг хоёр янзаар ойлгож байна Хуучин монгол хэлэнд нялхас гэдгийг нялх нярай хүүхдийг хэлдэг бол нөгөө талаар бодлогогүй, өөрийн толгойгоор боддоггүй, бусдыг даган дуурайж юу руу ч хамаагүй орчих гээд байдаг бодлогогүй хүнийг нялхас гэдэг. Тиймээс XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилд аливаад өөрийн бодолтой хандаж, зөв бурууг ялгаж салган шинжилж амьдрах нь зүйтэй гэж бодогдсон” хэмээв.

УС, ХУР ЭЛБЭГТЭЙ ГЭХ БОЛОВЧ МӨНДӨРӨӨС БОЛГООМЖИЛ 

“Энэ нийгэм ахиж дэвшиж, бидний амьдрал сайхан болох учиртай. Тийм учраас үнэн зөвийг ултай суурьтай, мэдлэгийн үндсэн дээр дүгнэж, үнэн бодит чиглэлийг эрдэмтэн мэргэдээс авбал цаашаа хөгжих учиртай байна. Мөн цаг агаарын хувьд ус, хур элбэгтэй гэх боловч мөндрөөс болгоомжил гэсэн байгаа. Тиймээс малчин, тариаланч ард иргэд анхаарч байх нь зүйтэй. Харин Засаг төрийн хувьд хямралтай гэсэн байна. Тэгэхээр хямрал гэдэг нь эв зохицол алдах тэр л тал руугаа юм. Ер нь зурхайн ухаан орчлон ертөнц, хүмүүний хоорондын харилцаа, нийгмийн байдлыг тодорхойлсон бодит зүйл учраас хувьсан өөрчлөгддөг шинж чанартай.

Улс орондоо хямрал авчрахгүйн төлөө сэтгэл зүрхэндээ бодоод болгохгүйн төлөө зүтгэх хэрэгтэй. Хамгийн гол нь эвлэрч зохицож, найрсаж үнэн зөвөө олж байх хэрэгтэй. Манай нийгэмд ёс зүй гэгч гарцаагүй хэрэгтэй байна. Ёс зүйг баримтлахгүйгээр энэ нийгэм урагшлахгүй гэдэг нь ил болжээ. Монгол түмэн хууль дүрмээ сайн баримталж, хов ярианд итгэхээс илүү хууль төрдөө итгэж, ёс зүй болон хуулиар ярилцвал нийгэмд бужигнаан үүсэхгүй байх шинжтэй” тухай айлдлаа.

ШИНЭ ЖИЛ ДӨНГӨЖ ГАРГААД 15 ХОНОГИЙН ДОТОР хийлгэдэг

Монгол хүн билгээрээ гэж ярьдаг даа. Ер нь аливаа нэгэн жилийг бид сайхнаар авч явж чадвал сайхан жил л гарна. Зурхайн ухааныг яг судлаад, шүүмжлэхгүйгээр мухар сүсэг гэж тайлбарлаад байдаг. Гэтэл зурхайн ухаан магадлал дээр үндэслэн ийм махбодтой, ийм жилтэй, суудалтай хүнд иймэрхүү зүйлс тохиолдож болох юм гэж үздэг. Тэр магадлал яг тэр чигээрээ биелнэ гэж үзэж болохгүй. Учир нь бие сайтай, ажил үйлс нь бүтэмжтэй, эрүүл саруул байгаа хүнд нөлөөлөл нь маш бага байдаг тухай өвгөд ярьдаг байсан.

Харин жаахан нас тогтоод, хийморь сүлд муу байгаа үедээ заавал засал номоо хийлгэвэл зохистой. Тийм учраас тухайн жилийн жилийн заслын монголчууд шинэ жил дөнгөж гаргаад 15 хоногийн дотор хийлгэдэг. Уг нь жилийн аль ч цаг хугацаанд хийлгэж болох юм. Заавал шинийн 15-ны өдрийн дотор хийлгэж байгаа нь сэтгэлдээ дархлаа суулгаж байгаа нь буруу биш.

БҮТЭН ЖИЛИЙН ТУРШ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРСНАА ХАМТДАА ТЭМДЭГЛЭДЭГ

Cap харагдахаа больж, тухайн cap, жилийн хамгийн сүүлчийн өдрийг битүүн гэж тооцдог. Энэ жилд амар мэнд орсон, эрүүл энх сайхан байсан, амьдрал дэвшсэн сайхан жил болсноо cap шинийн баяраар халуун бүлээрээ тэмдэглэдэг. Хүмүүний бие яг л усны хөөс шиг. Маргааш өдрийн нар ургах миний үхэл хоёрын аль нь түрүүлж ирэхийг бид мэдэхгүй. Тиймээс бүтэн нэг жилийн турш эрүүл энх, жаргалтай сайхан амьдарснаа уламжлалт баяраараа тэмдэглэдэг.

Нар жаргаснаас хойш идээ битүүлгээ засаж, хуваалцаад, хэрүүл тэмцэл, муу бүхнийг тэвчиж, үйл явдлаа цайруулдаг уламжлалтай. Шинийн нэгний өглөө нар ургахаас өмнө босож, эхний өдрийг угтан авч ахмадуудаа хүндэтгэн золгон мэндчилдэг. Нэг л их соёлжсон хүн болох гэснээс Монгол уламжлалаа үгүйсгэх тохиолдол гарч байна. Монголчууд гуравхан саяулаа мөртлөө тэгж сүржигнэж хувьсгалжих хэрэггүй болов уу.

ЖИЛ ОРОГСОД /ГАХАЙ ЖИЛТЭЙ ХҮМҮҮС/

“1947, 2007” онд төрсөн бол 13, 73-ны жил нь “хүү” махбодтой бөгөөд эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.

“1935, 1995” онд төрсөн бол 25, 85-ны жил нь “нөхөр” махбодтой бөгөөд жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох тул Догсом, Доржнамжом, Цэнд, Доржнамжомын жавтий тавиул.

“1923, 1983” онд төрсөн бол 37, 97-ны жил нь “дайсан” махбодтой бөгөөд эдийн гарлага тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чог хуруулж, Лусад балин өргө.

“1971” онд төрсөн бол 49-ний жил нь “эх" махбодтой бөгөөд сүлд хийморь доройтох тул Нити, Жинсрэг айлдуул.

“1959” онд төрсөн бол 61-ний жил нь “өөрийн төрсөн жилтэй адил” махбодтой бөгөөд ад зэтгэр, шулмын хөнөөл гарах тул Бум цац “талби”, “Цэдэв-Насан бүтээл” үйлдвээс сайн.

“Жил орсон" хүмүүс оршуулга, хурим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил “угтаж ордог” тул урдаас засаж сэрэмжил. Эм хүнийх “үдэж дагадаг” тул орсны дараа ч засал хийлгэ.

“Жилээ угтаж ордог дөрвөн жил”-бар, могой, бич, гахай, “жилээ барьж ордог дөрвөн жил”-хулгана, туулай, морь, тахиа, “жилээ дагаж ордог дөрвөн жил”-үхэр, луу, хонь, нохой болой.

Могой жилтнүүд “дүнсэр” буюу “их харш” жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй юм болж магад: Догсом, Базарсад, Жанцанзэмүвүнжан, замд явбал Далх тахь.

Бич, бар жилтнүүд “шишид” буюу “бага харш” буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, Амин золиг гаргуул.

Туулай, хонь жилтнүүд “ивээл жилийн” буюу “түнсүм” засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморнйн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул.

Нохой жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гарах гэм буй. Маналын чого, Сахиусаа тахь.

Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ.

Мэнгэ нь голлосон жилүүд: 1920, 1929, 1938, 1947, 1956, 1965, 1974, 1983, 1992, 2001, 2010, 2019 онд төрөгсед Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Цэнд насны тоогоор уншуулна.

МЭНГЭНИЙ ЗАСАЛ

-Амин мэнгэ нь голлосон: 1925, 1932, 1943, 1950, 1961, 1968, 1979, 1986, 1997, 2004, 2015 онд төрөгсөд Жанаггагдог, Амин золиг, Манал насны тоогоор уншуул. 

-Биеийн мэнгэ нь голлосон: 1920, 1929, 1938, 1947, 1956, 1965, 1974, 1983, 1992, 2001, 2010, 2019 онд төрөгсөд Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Цэнд насны тоогоор уншуул.

Зураг