Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярсайхан: Сайдын хувьд өөрөө улс төрийн шийдвэрээ гаргасан болохоос надтай таараагүй учир ажлаа өгсөн зүйл байхгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулсан билээ. Ц.Цогзолмаа нь огцрохоосоо өмнө эцсийн хүсэлтээ хэлэхдээ яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг ажлаас нь халахыг Ерөнхий сайдад захисан.

Харин энэ талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаас тодруулга авлаа.

- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг өчигдөр огцрууллаа. Чуулганы хуралдаан дээр сайд Ц.Цогзолмаа таны талаар ярьж, таныг халаад өгөөч гэж гуйсан. Энэ талаар та тодруулга хийнэ үү?

- Сайдын хувьд өөрөө улс төрийн шийдвэрээ гаргасан болохоос надтай таараагүй учир ажлаа өгсөн зүйл байхгүй. Би үргэлж хүндэтгэлтэй хандаж, хамтран ажилласан. Чуулганы индэр дээрээс ор үндэсгүйгээр нэр төрд минь халдаж, хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд үнэхээр харамсаж байна.

Монгол Улсын Засгийн газраас төрийн байгууллагууд, түүний албан хаагчдыг ёс зүйтэй, шударга, сахилга хариуцлагатай ажиллаж, авлигаас ангид байж, нийгэмд үүсээд байгаа ёс суртахуунгүй байдлыг арилгахад төрийн албан хаагч нарыг манлайлах ёстойг байнга шаардаж байгаа. Оны өмнө манай яаман дээр ЗГХЭГ-аас шалгалт орж, бодит дүгнэлтийг гаргасан байгаа. Энэ дагуу Ерөнхий сайдаас тодорхой чиглэлүүдийг өгсөн.

Засгийн газраас энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгосон нь санамсаргүй явдал биш. Би яаман дээр Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагч. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, бүх зүйлсийг хууль дүрмийн хүрээнд шийдэх гэж маш тэвчээртэй ажиллаж байгаа.

Монголын төрийн албанд тэр тусмаа соён гэгээрүүлэх хамгийн чухал салбарт авлига, хээл хахуулийн асуудал ерөөс байх ёсгүй. Би энэ зарчмыг яамны газар нэгжийн удирдлагуудаас болон бүх албан хаагчдаас шаардан ажиллаж байна.

 Харамсалтай нь энэ нь зарим хүнд ялангуяа хууль журам зөрчиж, ёс зүйгүй ажиллаж байгаа хүмүүст таалагдахгүй байгаа бололтой. Хууль зөрчсөн ноцтой үйлдлүүд гарч байгаа. Хууль хяналтын байгууллагууд дээр шалгагдаад явж байгаа асуудлууд ч бий. АТГ-аас шийдвэр дүгнэлт нь гараад зөвлөмж чиглэл өгөөд явж байгаа ч асуудал байна. Ажилдаа сэтгэлгүй хандаж, хувийн ашиг сонирхолоо дээгүүр тавьж, хүүхдийн боловсролын төлөөх мөнгийг хулгайлдаг, иргэдийг чирэгдүүлдэг, хохироодог бусармаг байдалтай би хэзээ ч эвлэрэхгүй.