Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Цэрэндолгор: Хүүхдэдээ "Чи том ах, эгч нь байж" гэж бүү хэл

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Насны зөрүү бага байх тусам ах, эгч болсон багачуудад сэтгэл зүйн хямрал үүсдэг аж. Бүгдийн анхаарлын төвд байсан хүүхэд маань дүүтэй болоход сэтгэл зүйн байдал нь эрс өөрчлөгдөх нь бий. Энэ үед нь хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой ярилцлаа.

-Дүүтэй болсноор хүүхдийн сэтгэл зүйд ямар өөрчлөлт үүсдэг вэ?

-Үүнийг шинжлэх ухаанд нэг эцэг, эхийн хүүхдүүдийн хоорондох өрсөлдөөн гэж нэрлэдэг. 2-3 насны зөрүүтэй дүүтэй болоход хүүхдэд, ялангуяа эрэгтэй хүүхдэд сэтгэл зүйн хямрал илүү үүсдэг. Өөрөө дөнгөж 2-3 настай, эцэг, эхийн хараа хяналт, халамжаас бүрэн гараагүй байхад дүү нь төрж, бүгд дүүд нь анхаарлаа хандуулахаар ах, эгчид нь орхигдсон, хаягдсан юм шиг мэдрэмж төрдөг.

Ингэснээр хүүхдүүд ганцаардах, сэтгэл зүйн хямралд орох, өмнө нь чаддаг байсан зүйлээ чадахаа больж, заавал эцэг, эхийн туслалцаа авах гэдэг болдог. Ямар нэгэн байдлаар хөгжлийн ухралтад орж болно гэсэн үг.

Түүнчлэн нойр, хоолонд муудах, түргэн ууртай болох, уурлахаараа газар савж унах, юм мөргөх, эсвэл ээж, аавыгаа цохих, хүн хазах, дүүгээ шоглох, буруу үйлдэл хийхэд нь боль гэхээр албаар зөрүүдлэх гэх мэтээр өөртөө болон бусдад түрэмгий авирладаг. Энэ бол сэтгэл зүйн хувьд хямралд өртөж байгаагийн дохио. Эдгээр нь дүүтэй болсноор үүссэн хямрал юм.

-Олон гэр бүлд энэ асуудал тулгарч байж болох юм. Хүүхэд нь дээрх зан араншинг гаргаж байгаа бол эцэг, эхчүүд хэрхэх нь зөв бэ?

-Хүүхдийг аяндаа ойлгоно биз гээд зөнгөөр нь орхиж огт болохгүй. Өмнө нь ямар халамж анхаарал тавьдаг байсан, яг тэр хэвээрээ хандах хэрэгтэй. Чи том ах, эгч нь юм байж гэх үгийг хэзээ ч хэлж болохгүй. Тэгвэл тэр хүүхдэд маш хүнд дарамт үүсдэг.

Дүүтэй болоод би дандаа загнуулдаг боллоо, энэ бүгд дүүгээс боллоо гэх мэтээр дүүдээ дургүй болж болзошгүй. Тиймээс хүүхэдтэйгээ өмнө нь ямар хайр халамжаар ханддаг байсан яг түүнийгээ л үргэлжлүүлэх хэрэгтэй. Мэдээж ээж нь нялх биетэй, дүүг нь хөхүүлэх, асрах гэх мэтээр ихэнх анхаарлаа дүүд нь зориулна. Энэ үед аав “шинэ” ах, эгчид анхаарлаа хандуулж, үүргийг бүрэн хүлээх ёстой. Аав нь хооллоно, тоглоно, чөлөөт цагаараа илүү их хамт байна. Тэгэхээр хүүхэд анхаарал халамж багаслаа гэх мэдрэмжийг авахгүй.

-Хүүхдээ анхаарахгүй орхичихвол сэтгэл зүйд ямар хүндрэл үүсэх бол?

-Ах, эгчид нь санаа тавихгүй байсаар байвал эс хайхрах гэдэг хүчирхийллийн хэлбэрт орж болно. Хүүхдээ анхаарахгүй байснаар сэтгэл зүйн гэмтэл нь ужгирч явсаар өсвөр насандаа дахин хямралд өртөх магадлалтай. Багадаа сэтгэл зүйн гэмтэл авсан, шоовдорлогдсон мэдрэмж авсан бол өсвөр насанд бусдын анхаарлыг илүү их өөртөө татах гэж оролдох, эсвэл хэт ганцаардмал болох, тогтворгүй сэтгэл хөдлөлтэй болох магадлалтай. Тиймээс хүүхдээ гомдолтой нь орхиж болохгүй. Хүүхдээ өмнөхөөсөө өөр зантай болж байна гэж мэдэрсэн бол илүү их цагийг хамт өнгөрөөх хэрэгтэй. Ямар нэг эд материалд ач холбогдол өгөлгүй, илүү их ярилц, хамт тогло, цагийг хамт өнгөрөө гэж зөвлөе.

-Энэ бүгдээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдээ дүүтэй болж байгаа гэдгийг урьдаас хэлж ойлгуулах ёстой болов уу?

-Жирэмсэн болсон үеэсээ л хүүхдэдээ дүүтэй болох гэж байгааг нь хэлж, ойлгуулах хэрэгтэй. "Миний хүү, охин чи удахгүй дүүтэй болно, дүүтэйгээ хамтдаа тоглоно, чамайг ах аа, эгч ээ гэж дуудна, гоё байгаа биз дээ" гэх мэтээр эерэг байдлаар хэлнэ. Ингэж байж дасгадаг. Гэдсээ томорсон үед хүүхдээ дүүтэй нь яриулах, хөдөлгөөнийг нь мэдрүүлээд байхаар дүүтэйгээ сэтгэлийн холбоо нь нарийн тогтдог. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй болдог. Амаржих дөхөх үеэс дүү нь маш жижигхэн учраас өөрөө юм идэж чадахгүй, бие засаж чадахгүй тул ээж нь дүүг нь хөхүүлж, бүүвэйлж унтуулах хэрэгтэй, чам шиг том болтол анхаарал халамж дүүд нь илүү хэрэгтэй болно. Чи бас ээж, аавдаа туслаарай, живхийг нь авчирч өгч туслаарай гэж хэлж, тайлбарлаад байхаар хүүхэд ах, эгч гэдэг байр сууриа эергээр хүлээн авдаг.

-Насны зөрүү нь холдох тусам дүүтэй болохдоо хямрах нь бага байна гэж ойлгож болох уу?

-Насны зөрүү их байхаар хүүхдүүд ойр тойрныхноо, үе тэнгийнхнээ хараад дүүтэй хүмүүс ямар гоё юм бэ гэж боддог. Зарим нь дүүтэй болмоор байна гэдэг. Тиймээс сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн, бас харьцангуй биеэ даасан байдаг. Харин 0-3 настай хүүхэд биеэ даагаагүй, эцэг, эхийн анхаарлын төвд байсан атал гэнэт анхаарал халамж дүүд нь шилжчихээр хямралд орно.

Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн урьдаас хэлж, тайлбарлаж байх нь чухал. Түүнчлэн дүүг нь төрсний дараа бодитоор жишээ авна. Дүү нь ийм жаахан болохоор мөөмнөөс өөр зүйл идэж чадахгүй, бүүвэйлэхгүй бол унтаж чадахгүй, харин чи минь мундаг болохоор өөрөө хоолоо идэж чаддаг, өөрөө унтаж чадна гэх мэтчилэнгээр өөрт нь байгаа илүү давуу талуудыг нь хэлж байх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд харьцуулалт хийж, зөвөөр хүлээж авах боломжтой. Гэтэл эцэг, эхчүүд маань чи том нь юм байж, өөрөө чаддаг юм байж гээд өөрөө тэг, ингэ гээд гэнэт л нэг өдөр өөр дээр нь бүх үүрэг хариуцлагыг өгчихдөг.

Хүүхдүүд ах, эгч болсон ч гэсэн ээж, аавдаа хүүхэд нь хэвээрээ. Өөрийгөө хүүхэд гэдгээр мэдэрч байгаагаас биш, анх төрөхдөө л би ах, эгч гэж мэдрээгүй шүү дээ. Тиймээс хүүхэдтэйгээ харилцах үгийн сонголт дээр анхаарах зүйл их.

-Дүү нар нь жаахан том болоод ирэхээр тоглоомоо буцаалдах гэх мэт зөрчил үүсэж эхэлдэг. Ийм үед эцэг, эх хэрхэн хандах ёстой вэ. Голдуу дүүдээ өг гээд байдаг. Энэ нь оновчтой үйлдэл мөн үү?

-Эцэг, эх өмнөөс нь шийдэж болохгүй. Өөрсдөө хуваагаад тоглоорой гээд л сонголтыг тэдэнд үлдээх нь зөв. Өөрсдөө сонголтоо хийгээд, хамтраад тоглох юм бол эцэг, эхтэйгээ зөрчил үүсэхгүй. Эцэг, эх үүнд нь оролцохоор хүүхдүүдийн аль нэг нь сэтгэл гонсгор үлддэг.

-Хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Номоор хүмүүжүүлбэл зүгээр. Тухайлбал, орой бүр хүүхдүүддээ хуваалцахын ач тус, бусдад туслахын сайн тал гэх мэтчилэн зан харилцаа, ёс зүйн сургамжтай өгүүллэг, үлгэрийг уншиж, ярьж өгч байх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд амьдралдаа хэрэгжүүлээд, өөртөө сайн дадлыг бий болгодог. Гэхдээ уншиж өгөөд л орхичихвол үр дүн бага тул уншиж өгснийхөө дараа харилцан ярилцах хэрэгтэй. Үлгэрээс юу ойлгов, энэ хүүхэд яагаад баярласан бэ, яагаад уйлсан бэ зэргээр асуун, ярилцах нь үр дүнтэй. Унтахаас нь өмнө ном уншиж өгөөд байвал хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйн хөгжил сайжирч, мөн хүүхдийг тайван унтаж амрахад нь тус болдог, хүмүүжлийн сайн аргуудын нэг юм.