Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын дундаж цалин сүүлийн гурван жилд $15-аар буурчээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний статистикийн хорооноос хөдөлмөр эрхлэгчдийн дундаж цалин хөлс нэмэгдсэн тухай мэдээлэл шинэчлэгдэн танилцуулагдах бүрт бодит байдал дээр цалин нэмэгдээгүй, худал мэдээлэл хэмээн иргэд бухимдлаа нийгмийн сүлжээнд илэрхийлдэг. Тэгвэл үнэхээр иргэдийн орлого нэмэгдсэн эсэхийг долларын ханшаар хоёр жишээгээр өнгөрсөн онуудтай харьцуулъя. 

НЭГ.  2018 оны II улирал ба 2016 оны II улирал

Манай улсын ажил эрхлэгчдийн дундаж цалин 2018 оны II улиралд 1,025,600 төгрөг болж өссөнийг ҮСХ танилцуулсан. Тэгвэл хоёр жилийн өмнөх буюу 2016 оны II улиралд дундаж цалин 888,000 төгрөг байжээ. Тухайн жилд хэрэглээний үний индекс буюу инфляц 1.1%-тай, Монголбанкнаас нэрлэсэн ам.долларын ханш 2016 оны зургаадугаар сарын 30-ны өдөр 1,962.53 төгрөгтэй тэнцэж байв.

Өөрөөр хэлбэл, 2016 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар хөдөлмөр эрхлэгчид 452.47 ам.долларын цалинтай байжээ. 

Харин өнгөрсөн оны зургаадугаар сарын 30-ны өдөр төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2,462.82 байжээ. Ингээд тооцвол 416.4 ам доллартай тэнцэж байна. Инфляци энэ үед 7.2 хувьтай байв.

Ийнхүү гадаад валюттай харьцуулан тооцвол монголчуудын дундаж цалин хоёр жилийн хугацаанд 36 ам.доллараар буурчээ. 

ХОЁР. 2018 оны III улирал ба 2015 оны III улирал

Үндэсний статистикийн хороо хамгийн сүүлд 2018 оны III улирлын байдлаарх ажиллагчдын дундаж цалингийн хэмжээг танилцуулсан. Тэгвэл 2015 оны III улирлыг хамгийн сүүлийн статистиктай харьцуулан үзвэл:

Хугацаа Дундаж цалин Ам.долларын ханш Цалинг долларт шилжүүлбэл
2015 оны III улирал 836,900 1996.99 (2015 оны 9-р сарын 30-нд) $419.00
2018 оны III улирал 1,031,800 2,552.13 (2018 оны 9-р сарын 30-нд) $404

Эндээс үзвэл монголчуудын цалин 2015 оны III улиралтай харьцуулахад 15 ам.доллараар мөн л буурсан болж таарлаа. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханшийн сулрал нь иргэдэд бодит алдагдал бий болгож байна.