Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвлөлтийн түрэмгийллийг эсэргүүцэж, өөрийгөө шатаасан Ян Палахын тэмцлийн 50 жилийн ойг Чех улсад тэмдэглэлээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

1968 онд ЗХУ-ын цэрэг Чехословак улсыг эзлэн түрэмгийлсний дараа нийслэл Прага хотын төвд оюутан Ян Палах өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлж байв.

Тухайн үед 20 настай байсан Палах 1969 оны нэгдүгээр сарын 16-нд нийслэлийн төв талбайд өөр дээрээ бензин асгаж, гал тавьсан юм. Тэрээр гурав хоногийн дараа түлэгдэлтийн шархаа даалгүй нас баржээ.

Эдийн засаг, философийн чиглэлээр суралцаж байсан Палах Зөвлөлтийн үзэл суртлын цензурыг зогсоох, олон нийтийг тэмцэлд босохыг уриалсан захидал үлдээсэн байв.

Өчигдөр Прага хотод энэ түүхэн үйл явдалд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагджээ. Тухайлбал Ян Палахын суралцаж байсан Карлын их сургуулийн хананд дурсгалын самбар байрлуулж, орой нь зулын гэрэлтэй жагсаал зохион байгуулагдсан байна.

Ян Палах захидалдаа өөрийгөө “Бамбар номер 1” гэж нэрлэсэн нь түүний ард олон хүн байгаа, ийм үйлдэл ар араасаа үргэлжлэхийг харуулах гэсэн хэрэг байв. Гэвч үнэндээ түүний ард ийм хүмүүс байгаагүй юм.

Ян Палахын тэмцлийн 20 жилийн ойн үеэр 1989 онд Чехословак улсад засгийн газрын эсрэг томоохон тэмцэл хөдөлгөөн өрнөж байв.

Энэ тэмцлийг эрх баригчид хүчээр дарж байсан ч хэдхэн сарын дараа коммунист дэглэм нуран унасан юм. 

 

Эх сурвалж: Reuters