Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Тереза Мэй ерөнхий сайдын суудалдаа үлдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд Тереза Мэйд итгэл үзүүлэх эсэх асуудлаар өчигдөр Британий парламентад санал хураалт явуулахад 325:306 харьцаагаар буюу багахан саналын давуугаар одоогийн консерватив засгийн газар тэсэж үлдсэн байна.

Гэхдээ энэ үр дүн нь тус улсыг Европын Холбооны гишүүнчлэлээс гарахад тулгараад байгаа бэрхшээлийг давахад нэмэр болох магадлал бага байна. 

Мягмар гарагт Европын Холбоотой байгуулах Брэкзит гэрээний төсөл нь парламентаас дэмжлэг аваагүй тул сөрөг хүчний лидер Жереми Корбин ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг шийдэх санал хураалтыг санаачилсан юм.

Гэрээний төслийг Мэйн өөрийнх нь консерватив намын 118 гишүүн дэмжээгүй нь сүүлийн бараг 100 орчим жилийн түүхэнд Британий засгийн газрын үзүүлсэн хамгийн муу үзүүлэлт байв.

Тиймээс Корбин ерөнхий сайд Тереза Мэйн хувь заяаг шийдэх алхмыг санаачилсан байна. 

Одоо Тереза Мэй Брэкзит гэрээний асуудлаар сөрөг хүчнийхэн болон Европын Холбооны удирдлагуудтай дахин хэлэлцэх гэж байгаа. Түүнд нэгдүгээр сарын 21-нийг хүртэл хоёр дахь хувилбар саналаа танилцуулах хугацаа өгөгдөөд байна.

Хэрвээ энэ хугацаанд Мэй үр дүнд хүрч чадахгүй бол гуравдугаар сарын 29-нд Их Британи улс Европын Холбооноос албан ёсоор гарах тов хойшлогдох магадлалтай. Брюсселийн эрх баригчид энэ хугацааг дахин хоёр сараар сунгах боломжтой тухай яригдаж байна. Эсвэл бүр ямар ч гэрээ байгуулахгүйгээр Европын Холбооноос гарах боломжтой юм.

Хэрвээ ингэвэл Их Британи улс бүс нутагтаа ганцаардаж, эдийн засаг нь сулрах эрсдэлтэй юм.

Бас нэг хувилбар нь Европын Холбооноос салах хэрэгтэй эсэх талаар Британид хоёр дахь удаагаа бүх нийтийн санал хураалт зохион байгуулах болж байна.

Европын Холбооны удирдлагууд ч Британид өрнөж буй үйл явдлын үр дүнд энэ улс өөрийнх нь байгууллагын гишүүн хэвээр үлдэнэ гэдэгт найдаж байгаагаа нуухгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz