Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Саран дээр ургамал тарих хүн төрөлхтний анхны оролдлого бүтэлгүйтлээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хятадын Chang’e 4 станц энэ сарын эхээр сарны цаад талд анх удаа газардсан билээ.

Уг станц хэд хэдэн туршилт явуулах зорилготой байгаа. Тэдгээрийн нэг нь саран дээр анх удаа ургамал тарих байв.

Хэрвээ туршилт амжилттай болвол хүн төрөлхтөн ирээдүйд саран дээр суурьшихдаа өөрөө хүнсээ бэлддэг болох юм. Тэгвэл Хятадын эрдэмтдийн илгээсэн хөвөнгийн ургамлын үр нахиалж эхэлсэн боловч удалгүй сарны шөнийн хүйтнийг тэсвэрлэж чадалгүй үхсэн байна.

Ургамлын үрийг станцын дотор байрлах жижиг хүлэмжинд суулгасан байв.

Нарны гэрлээр тэтгэгдэж байсан ургамал саран дээр шөнө болох үед ийнхүү үхсэн байна. Chang’e 4 станц өнгөрсөн Ням гарагаас эхлэн “унтах” горимонд шилжсэн нь саран дээр шөнө эхэлсэнтэй холбоотой байв. Сарны цаад талд шөнө 14 хоног үргэлжилдэг бөгөөд энэ үед гадаргын температур нь Цельсийн -170 хэм хүрдэг. Энэ үед нарны энергиэр ажилладаг станц идэвхгүй горимонд шилжиж, эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй болжээ.

Харин сарны өдрийн үд дундад буюу нар эгц дээрээс тусахад температур нь Цельсийн +120 хэм хүрч халдаг. Энэ үед Хятадын өөрөө явагч станц мөн л унтах горимонд шилжиж, хэт халалтаас тоног төхөөрөмжүүдээ хамгаалдаг байна.

Сар өөрийн атмосфергүй тул хэт өндөр температурын савлалтаас гадаргаа хамгаалж чаддаггүй ажээ.

Хөвөнгийн ургамлаас гадна өөр хэд хэдэн төрлийн ургамлын үр сар руу илгээсэн нь нахиалах шинжгүй байгаа тул туршилтыг бүтэлгүйтсэнд тооцсон гэнэ.

“Бидэнд энэ талаар ямар ч туршлага байгаагүй. Дэлхий дээр бид микро татах хүч, сансрын туяа зэрэг сарны орчныг зохиомлоор үүсгэж турших боломж байгаагүй юм” гэж туршилтыг ахалсан Чончиний их сургуулийн профессор Шие Гэншинь ярьжээ.

Ургамлын үрнүүдийг хаялгүй тусгай канистр дотор үлдээх тул сарны байгаль орчинд нөлөөлөхгүй гэдгийг Хятадын Үндэсний Сансрын Төв мэдэгджээ.

Хүн төрөлхтөн өмнө нь тойрог замд Олон Улсын Сансрын Станцад ургамал тариалж байсан бол саран дээр анх удаа туршилт явуулсан нь энэ юм.

 

Эх сурвалж: The Guardian