Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 20 жилд Японоос төрсөн цорын ганц ёкозуна зодог тайллаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн  бараг 20 жилийн хугацаанд анх удаа Японоос төрөн гарсан ёкозуна цолтон болох Кисеносато өчигдөр зодог тайлж байгаагаа зарлалаа.

Түүнээс өмнө хамгийн сүүлд 1998 онд Япон улсын иргэн мэргэжлийн сүмогийн дээд цолонд хүрсэн нь Ваканохана байв.

Кисеносато шинэ оны эхний тэмцээн эхлээд гурав дараалж ялагдсан тул ийм шийдвэр гаргажээ. Бэртлийн улмаас олон тэмцээн өнжөөд байсан түүнд нэгдүгээр сарын барилдааныг хүчтэй эхлүүлэх шаардлага байсан юм.

Одоо 32 настай Кисеносато 2017 оны нэгдүгээр сард анх удаа макүүчи зиндаанд түрүүлж ёкозуна цолонд хүрээд улмаар дараа сард нь дахин түрүүлж, нийтдээ хоёр удаа дээд зиндаанд аваргалж байв.

Гэвч үүний дараа тэр гэмтэж найман тэмцээн дараалан өнжсөн нь ёкозуна цолтнуудын түүхэнд байгаагүй муу үзүүлэлт байжээ.

“Бүх хүмүүсийн хүсэн хүлээж байсан ёкозунагийн барилдааныг үзүүлж чадаагүйдээ би маш их харамсаж байна. Гэхдээ би сүмогийн замыг сонгосондоо харамсдаггүй” гэж Кисеносато хэвлэлийн хурал дээр хэлсэн байна.

Тэр цааш нь “Бэртлээ эдгээсний дараа би өөрийгөө сайжирсан гэдэгт итгэлтэй байсан. Бүх чадлаа гаргаж барилдсан. Гэвч би анх удаагаа өөрийгөө цааш барилдах боломжгүй болсныг мэдэрлээ” гэж ярьжээ.

Одоо Японы сүмогийн ертөнцөд Монголоос гаралтай ёкозуна нар үлдэж байна.

Япон аваргагүй олон жил болсны улмаас Кисеносатог дэмжиж, чанаргүй ёкозуна төрүүлсэн гэх шүүмжлэгчид ч байдаг. 

Тэр өмнө нь нийт дөрвөн удаа ёкозуна цолонд нэр нь дэвшиж байсан ч ялалтын тоо хангалтгүй байснаас авч чадаагүй байсан юм.

Кисеносато 2002 оны гуравдугаар сард анх мэргэжлийн сүмоч болж, 2004 онд дээд зиндаанд дэвшиж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press