Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Цагаан сарын үеэр улсын хэмжээний томуугийн дэгдэлт гарах төлөвтэй байна!"

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN

ЭМЯ, ДЭМБ-аас хамтран Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/592561027855906/

Он гарснаас хойш хоёр аймагт амьсгалын цочмог халдварын улмаас хоёр хүүхэд нас барсан

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл "Томуу, томуу төст өвчин нэгдүгээр сарын 3-наас дэгдэлт гарч, орон нутгаар алаг цоог байдлаар гараад байна.

Өнөөдрийн байдлаар лабораторийн шинжилгээний 40 гаруй хувийг эзэлэж байна. Үүнд томуугийн А хүрээний вирус зонхилж байгаа.  Одоогийн өвчлөлийн байдлыг харвал Цагаан сарын үеэр улсын хэмжээнд олон хүнийг хамарсан дэгдэлт гарах төлөвтэй байна. 

Эмнэлгийн орны ачаалал нийслэлд нэлээн өндөр байгаа. Батлагдсан 900 гаруй орноос 50 гаруй хувиар хэтэрсэн байдалтай байна. Тиймээс ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн эмнэлэг дээр нэмэлтээр тасаг гаргахаар болоод ажиллаж байгаа.

ЭМЯ-ний зүгээс эмнэлгүүд дээр тулгарч байгаа асуудлуудыг цаг тухай бүрд нь шийдэхэд анхаарч, ДЭМБ болон бусад олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлж байна. Гэсэн хэдий ч Цагаан сарын үеэр улсыг хамарсан дэгдэлт гарах эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Цагаан сарын үеэр нөхцөл байдал нэлээн хүндэрч магадгүй гэсэн төлөвтэй байгаа учраас шаардлагатай бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тиймээс бага насны хүүхдээ дагуулан гадуур гарахгүй байя, нэг нэгнээ тэвэрч үнсэхгүй байя гэж уриалж байгаа. Шинэ жилийн баярын дараа эмнэлгүүдийн ачаалал огцом нэмэгдсэн. Тэгэхээр Цагаан сарын үеэр болон дараа нь ачаалал нэмэгдэх эрсдэл бий.

Он гарснаас хойш хоёр аймагт амьсгалын цочмог халдварын улмаас хоёр хүүхэд нас барсан" гэв.

Улирлын томуугаас сэргийлэх хамгийн үр үнтэй арга нь дархлаажуулалт

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтан О.Ариунтуяа "ДЭМБ-аас томуугийн цар тахлын бэлэн байдлыг хангах, тандалтын ажлыг 1970 оноос хийж байгаа. 

Улирлын томуугийн улмаас дэлхий даяар жил бүр нэг тэрбум хүн өвчилдгийн гурван сая орчим нь нэлээн хүндээр өвддөг. Улирлын томуугаас сэргийлэх хамгийн үр үнтэй арга нь дархлаажуулалт гэдгийг хэлмээр байна. 

Хүнд хэлбэрийн өвчтөнүүдэд ДЭМБ-аас 1,880 тун Тамифлю эмийг нийлүүлж байгаа" гэлээ.

Тэтгэвэрт гарсан эмч, эмнэлгийн ажилтнуудыг түр хугацаагаар ажиллуулах шаардлага тулгарлаа

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн поликлиникийн эмч У.Цэвэгмэд "Томуугийн улмаас хүндэрсэн хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна. Манайх нэг тасгийг хаагаад ор дэлгэж хүнд хүүхдүүдээ авч байгаа. Яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдүүдийн амьсгалын дээд зам өвчилж, гуурсан хоолойн агшилт бий болж, хүүхэд амьсгалын дуталд орох тохиолдол их байна. 

Тиймээс хүүхэд халуурах томуугийн шинж тэмдэг илэрмэгц өрхийн эмнэлэгтээ эрт хандах, халуун чанартай хүнс хэрэглүүлэх, шингэн зүйл өгснөөр заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй. 

Эмнэлгийн ачаалал их, эмч сувилагчийн хүрэлцээ муутай байна. Бидний зүгээс тэтгэвэрт гарсан эмч, эмнэлгийн ажилтнуудыг түр хугацаагаар ажиллуулах шаардлага тулгарлаа.