Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг автозамын зорчих хэсэг Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан “Юниверс” загварын хүн тээврийн автобус осолджээ.
Дуудлагын дагуу тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 12 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 12 алба хаагч, АТҮТ-ийн хоёр ажилтан, сумын нэгдсэн эмнэлгийн 10 хүн, нийт 36 хүн, есөн техник хэрэгсэлтэйгээр ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Харин ослын тухай Тээврийн цагдаагийн албанаас "2019.01.08-ны өдрийн 06 цагийн орчимд Дорнговь-УБ чиглэлд зорчиж байсан хот хоорондын том оврын автобус нь Замын-Үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас 2 жолоочийн амь нас хохирч, 31 зорчигч гэмтэж бэртсэн. Гэмтсэн иргэдийг Замын-Үүдийн эмнэлэгт үзлэгт оруулж, эмчилгээ хийж байгаа бөгөөд галт тэргээр УБ хотод тээвэрлэж авчирна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!