Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

ЗХУ 1979 онд Афганистанд цэргээ оруулсан явдлыг Дональд Трамп зөвтгөн ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр болсон засгийн газрынхаа хуралдааны үеэр ЗХУ 1979 онд Афганистаныг түрэмгийлэн эзэлсэн явдлыг зөвтгөсөн агуулгатай зүйл ярьжээ.

Тэрээр Зөвлөлтийн арми террористуудыг дарахын тулд Афганистанд нэвтэрсэн, энэ дайнд их зардал гаргасны улмаас ЗХУ доройтож, задарсан тухай ярьсан байна.

Трамп “Орос улс өмнө Зөвлөлт Холбоот Улс гэж байсан. Афганистанд дайн хийсний улмаас энэ улс дампуурч, одоогийн Орос болсон” гэж ярьжээ.

Тэр цааш нь хэлэхдээ “Оросууд Афганд байсан гол шалтгаан нь террористууд Орос руу нэвтэрч байсантай холбоотой. Тиймээс тэдэнд Афганд дайтахаас өөр арга байгаагүй. Гэвч эцэстээ тэд дампуурч Зөвлөлт Холбоот Улс задарсан. Өнөөдөр Оросоос салсан маш олон газар байгаа нь Афганистанаас болсон хэрэг” гэж тайлбарлажээ.

Трампын энэ үг АНУ-ын засаг захиргааны уламжлалт бодлогын эсрэг агуулгатай байгаа нь анхаарал татаж байна. Уламжлалт ойлголтоор бол 1979 онд Афганистанд тогтсон коммунист дэглэмийг дэмжихээр ЗХУ цэргээ оруулж байсан гэдэг. Гэвч муслим хүн ам давамгайлдаг энэ улсын олон нийт Зөвлөлтийн талыг баримтлагч Афганы шинэ засгийн газрыг дэмжээгүй юм.

20 дугаар зууны турш ЗХУ коммунизмыг дэлхийн олон оронд тогтоох гэж тэмцэж байсан бол АНУ энэ үйл явцыг зогсоох гэж их хөрөнгө, хүч зарцуулж байв. Тухайлбал Афганистанд коммунист дэглэм тогтооход саад хийхийн тулд Тагнуулын Төв Газар (CIA) Афганы босогчдыг идэвхтэй дэмжиж байжээ.

Улмаар 1989 онд 10 орчим жил хүнд хэцүү дайн хийсний эцэст ЗХУ цэргээ Афганистанаас гаргаж байв. Энэ хугацаанд Зөвлөлтийн 15,000 орчим цэрэг амиа алдсан. Дараа нь Афганистанд иргэний дайн үргэлжилсээр 1992 онд коммунистуудыг засгийн эрхээс зайлуулж байжээ.

Зөвлөлтийн эсрэг дайтаж байсан исламистууд 1990-ээд оны үед Талибан хөдөлгөөнийг байгуулж, 1996 онд засгийн эрхийг авсан юм.

ЗХУ 1991 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр албан ёсоор задарсан. Үүнд хүргэсэн олон шалтгаануудын талаар орон орны эрдэмтэд, судлаачид одоог хүртэл маргалдсаар байдаг. Тэдгээрийн нэг хүчин зүйл нь яах аргагүй Афганистаны дайн байсан. Гэхдээ дан ганц энэ дайн ЗХУ-ыг нураасан гэвэл хэтрүүлэг болно гэж үздэг юм.

Дональд Трамп Афганистанд байрлаж байгаа 14,000 орчим цэргийнхээ талыг гаргах төлөвлөгөөтэй байгаа тухай яриа тараад байна. Тиймээс Трамп өөрийн төлөвлөгөөг зөвтгөхийн тулд түүхийг гуйвуулж тайлбарласан гэж мэргэжилтнүүд тааварлажээ. АНУ-ын цэрэг Афганистанд 18 жил орчим хугацаанд байрлаж байна.

 

Эх сурвалж: Business Insider