Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбаатар: Нисэх буудал нэг сая 400 мянга дахь зорчигчоо хүлээж авлаа

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 12 сарын 27
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа “Чингис хаан" олон улсын нисэх буудал нэг сая 400 мянга дахь зорчигчоо хүлээн авсан түүхэн өдөр өчигдөр тохиолоо. Үүнтэй холбогдуулан ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Шинэ оны босгон дээр “Чингис хаан” олон улсын нисэх буудал 1 сая 400 мянга дахь зорчигчоо хүлээж авлаа. Зорчигчдын тоо өсөж байгаа нь юутай холбоотой вэ?

-Энэ жил “Чингис хаан” олон улсын нисэх буудлын явж, ирж байгаа зорчигчдын тоо нэг сая 400 мянгад хүрлээ. Энэ нь зорчигчийн тоо өнгөрсөн жилийнхээс 200 мянгаар нэмэгдэж, 14 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, бид өнгөрсөн жил 1 сая 200 мянга дахь зорчигчоо хүлээж авч байлаа. Ийнхүү зорчигчийн тоо өссөн нь шинэ нислэгүүд нэмэгдсэнтэй холбоотой.

Тухайлбал, Улаан-Үүд, Эрхүү, Бусаны чиглэлийн нислэг нэмэгдсэн. Мөн тийзийн үнэ буурсантай холбоотойгоор зорчигчийн тоо нэмэгдэж байгаа юм. Ирэх онд Тяньжин эйр, Казахстаны агаарын тээвэрлэгч манай чиглэлд нислэг үйлдэх хүсэлтээ ирүүлсэн. Тэгэхээр ирэх жил зорчигчийн тоо дахин нэмэгдэнэ. Мөн энэ жил ачаа шуудан 14-17 хувиар өссөн. Энэ мэт амжилтын ард нисэх буудлын хамт олон бүх ачааллыг үүрч ажиллаж байгаа гэдгийг энд онцлон хэлмээр байна.

-Зорчигчийн тоо өсөхийн хэрээр нисэх буудлын хүчин чадлыг нэмэх шаардлагатай тулгарч байгаа нь ойлгомжтой. Шинэ нисэх буудлын хүчин чадал хуучин нисэх буудалтай харьцуулбал хүчин чадал нь хэр нэмэгдэх вэ?

-Чингис хаан олон улсын нисэх буудлыг анх 500 мянган зорчигчдод үйлчлэх хүчин. чадалтай байхаар байгуулж байсан. Харин одоо зорчигчийн тоо 1.4 саяд хүрч байгаагаас үзвэл хүчин чадлаасаа гурав дахин их зорчигчийг хүлээж авч байгаа гэсэн үг. Цаашид ч зорчигчийн тоо нэмэгдэнэ. Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын терминал нь одоо ашиглагдаж байгаа “Чингис хаан” олон улсын хуучин нисэх буудлаас гурав дахин том бөгөөд агаарын хөлөг хоёр талаасаа хөөрч буух боломжтой.

Хуучин нисэх буудал зөвхөн хойноосоо буюу нэг талаасаа суулт хийдэг, хөөрдөг. Тиймээс цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нислэг саатах тохиолдол их гардаг юм. Харин шинэ нисэх буудалд хоёр талаасаа хөөрч буух боломжтой тул салхи, агаарын байдлаас хамааран саатах тохиолдол эрс багасна. Үндсэндээ “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын ашиглалт 74 хувь байгаа бол шинэ нисэх онгоцны буудал 98 хувийн ашиглалттай болно.

Мөн өөрийн гэсэн дэд бүтэцтэй бөгөөд дулааны станц, бохир, цэвэр усны шугам сүлжээ, кабель бүгдийг өөрөөсөө хангана. Тэнд 100 мянга орчим өрхийг дулаанаар хангах бүрэн хүчин чадалтай дулааны. станц, 1.3 километр инженерийн газар доорх байгууламж бий.

-Шинэ нисэх онгоцны буудлын ашиглалтын өмнөх үйл ажиллагааг танай байгууллага хариуцаж байна уу?

-2016 онд шинэ Нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны алба байгуулагдсан. Үүний дараа бүх барилга байгууламж, тоног төхөөрөмжийг хүлээж авах улсын комисс байгуулагдан ажиллаж эхэлсэн. Улсын комисс хүлээж авах явцад нэлээд олон зөрчил, алдаа дутагдал гарч байсан. Эдгээр алдаа, дутагдал, зөрчлийг арилгах ажил өнөөдрийн байдлаар 93 хувийн гүйцэтгэлтэй байна. Нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны алба өөрийнхөө хийж гүйцэтгэх ёстой ажлаа хангалттай гүйцэтгээд явж байна.

-Уг нь шинэ нисэх буудлыг энэ онд ашиглалтад оруулна гэж байсан. Гэвч хойшлогдсон шалтгаан нь юу вэ?

-Гэрээтэй холбоотой. Шинэ нисэх буудлыг байгуулахад менежментийн гэрээгээр Япон, Монголын хамтарсан компани хариуцах ёстой. Үүний өмнө гурван төрлийн гэрээ хэлэлцээр байгуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, түншлэлийн гэрээ, хувьцаа эзэмших гэрээ, концессын гэрээ байгуулах шаардлагатай гэсэн үг. Түншлэлийн гэрээг нэгдүгээр сард хийж, хоёр талаас баталсан. Харин хувьцаа эзэмших, концессын гэрээг байгуулахаар хүлээж байна. Ерөнхийдөө хоёр гэрээ төгсгөлийнхөө шатанд орсон байна лээ.

-Шинэ нисэх буудлыг хариуцах тусгай зориулалтын компанийг хэзээ байгуулна гэсэн үг үү?

-Тусгай зориулалтын компани ирэх хоёрдугаар сард байгуулагдах байх. Ерөнхий сайд ирэх долдугаар сард буюу наадмын үеэр шинэ нисэх буудлаа нээхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс бид нэлээд шахуу ажиллаж байна. Монголын ИНЕГ-ын зүгээс бэлтгэл ажил бэлэн болчихсон гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын аэродромыг Иргэний нисэхийн дүрэм-139-ийн шаардлагыг хангуулж, гэрчилгээ авсан.

Өнгөрсөн найм, арваннэг, арванхоёрдугаар сард гурван удаа хэрэглэлийн нислэгийн журмуудыг нислэгээр шалган баталгаажуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэж, нислэг хүлээн авахад бэлэн болсон. Ингэснээр нисэх буудлын гол цөм болох нисэх буудлын агаарын навигацийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал, нисэх буудал бэлэн болсныг шалгаж, баталгаажуулаад байгаа юм.

-Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулснаар хуучин нисэх буудлыг нүүлгэн шилжүүлэх байх. Ингэснээр хуучин буудлыг барилга байгууламжийг цаашид хэрхэх вэ?

-Бид нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө гаргасан. Өөрөөр хэлбэл, олон улсын нислэгийг нэг шөнийн дотор шилжүүлнэ. Агаарын тээвэрлэгч нар агаарын хөлгийг шилжүүлж, өглөө нь Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаас нислэгээ эхэлнэ. Энэ бол хамгийн тохиромжтой арга. Тодорхой хугацааны дараа орон нутгийн нислэгээ мөн л нэг шөнийн дотор шилжүүлнэ.

Нэг шөнийн дотор шилжүүлэхгүй бол зорчигчдод ойлгомжгүй байдал үүсэж, нисэх буудлаа андуурах, нисэх цагаасаа хоцрох тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Одоогийн Чингис хаан олон улсын нисэх буудлын цаашдын ашиглалтын талаар одоо ярьж байна. Ерөнхий сайд иргэний нисэхийн чиглэлээр нь тооцоо судалгаа гаргаж, ашиглаж болно гэдгийг хэлсэн. Удахгүй Засгийн газрын тогтоолоор эцэслэн шийдвэрлэх байх.

-Иргэний нисэхийн чиглэлээр ашиглана гэдгийг тодруулахгүй юу?

Төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин болон нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, одоогийн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хөгжлийн явцад бий болсон үнэт зүйлс, нөөц, боломж, давуу талуудад тулгуурлан олон улсын нисэх буудлыг Хөшигийн хөндий дэх Шинэ олон улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлсний дараа Буянт-Ухаа дахь нисэх буудлыг зургаан чиглэлээр ашиглах боломжтой тооцоо судалгаа гарсан.

Үүнд, ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа, давагдашгүй хүчин зүйл үүсэх үед, онцгой болон тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, иргэний нисэхийн сургалт, дадлага, улсын нислэг байх юм. Ингэхдээ 188 гаруй ажилтан ажиллуулна гэж тооцсон. Мэдээж эхний нэг, хоёр жилд зардал гарна л даа. Цаашдаа бизнесийнхээ чиглэлээр явбал зардал багасаж, ашгаа өгөх бүрэн боломжтой.

Ерөнхий зориулалт гэдэг нь 5-6 суудалтай бага оврын онгоцуудыг байрлуулж, онцын шаардлагатай үед ашиглаж болно. Жишээлбэл, аваар осол гарлаа гэхэд жижиг онгоцоор өвчтөнийг зөөж, эмнэлгүүдэд авчрах боломжтой. Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нэгдүгээр төв эмнэлгийн гадна талбайд онгоцны буудал байгуулчихсан. Тэгэхээр энэ чиглэлээр ашиглаж болно.

Мөн хүчний байгууллагууд ашиглах боломжтой. Цэрэг, цагдаа, онцгой байдлынхан шаардлагатай тохиолдолд эрэл хайгуул хийх, тусламж хүргэхэд тохиромжтой. Манай улсад ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Тиймээс ч энэ жил Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталсан.

Энэ хөтөлбөрийн дагуу иргэд жижиг онгоц жолоодох сургалтад сууж, онгоцоо өөрөө жолоодох боломж нээгдэж байгаа юм. Хоёрдугаарт, Чингис хаан нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглана. Шинэ нисэх буудалд янз бүрийн саатал гарвал одоогийн нисэх буудлаа ашиглах бүрэн боломжтой. Мөн агаарын хөлгийн засвар үйлчилгээгээр ашиглаж болно. Төрийн өндөрлөгүүдийн ажил, яаралтай айлчлал ч юм уу, онцгой болон тусгай үүргийн нислэгийг энд хийж болно.

Мөн одоо байгаа нөөц бааз суурьтаа үндэслэн иргэний нислэгийн чиглэлээр сургууль байгуулж болно. Өөрөөр хэлбэл, тэнд жижиг оврын онгоцны нисгэгчээ бэлтгэнэ гэсэн үг. Агаарын зайг ашиглаж, нисгэгчээ дадлагажуулах боломжтой.

-Таны удирдаж байгаа Нисэх буудлуудын удирдах газрыг энэ жил бие даасан газар болгон байгуулсан. Тусдаа газар байгуулсны ач холбогдол, үр дүн нь юу байна вэ?

-Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас бүтцийн тодорхой стандарт шаарддаг юм. Тодруулбал, агентлаг буюу ИНЕГ нь өөрөө хяналт, зохицуулалт хийх үүрэгтэй. Харин агаарын навигаци, нисэх буудал нь үндсэн үйлчилгээгээ хийдэг стандарт бүтцийг шаарддаг юм. Тиймээс өнгөрсөн долдугаар сард бүтцийн өөрчлөлт хийж, нисэх буудлуудыг хариуцаж, удирдлагаар хангах үүрэг бүхий Нисэх буудлуудын удирдах газрыг байгуулсан юм.

Ингэснээр стандартад нийцэхийн зэрэгцээ аюулгүй байдал, үйл ажиллагааг хангаж, мэргэжлийн баг хамт олон хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна нисэх буудлын үйлчилгээг түргэн шуурхай болгох үүднээс Нисэх буудлуудын удирдах газарт төвлөрүүлж байгаа юм. Нисэх буудлуудын удирдах газар бодлого төлөвлөлт, үйлдвэрлэл гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Төв болон орон нутгийн 20 гаруй нисэх буудлын үйл ажиллагааг нь удирдан чиглүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, бодлого төлөвлөлтийн дагуу үйлдвэрлэлээ хийдэг. Өмнө нь ИНЕГ-ын агентлагт бүтэцтэй байсан бөгөөд зургаан хүнтэй хэр нь бүх үйл ажиллагааг хянаж, зохицуулна гэдэг хүндрэлтэй байсан. Жишээлбэл, аэродром засвар үйлчилгээ өгөхөд ИНЕГ-т, дараа нь буцаагаад Чингис хаан нисэх буудалд егөхөд хугацаа алддаг юм.

Бидний үйл ажиллагаа богино хугацаанд хурдан шийдвэр гаргаж, аюулгүй ажиллагаа хангах шаардлагатай байдаг. Харин одоо орон нутгуудаас Нисэх буудлын удирдах газарт хандаж, мэргэжлийн баг нь шийдвэрээ гаргаж байгаа. Манай байгууллага төв, орон нутгийн нисэх буудлын 1,500 гаруй алба хаагчтай, өнөр айл юм.

-Нисэх буудлуудын хувьд энэ онд хийж, хэрэгЖүүлсэн томоохон ажлууд юу байна вэ?

-Ажлын үр дүн тоон үзүүлэлтээр гардаг. Тодруулбал, олон улмын нисэх буудлаар үйлчлүүлэгч зорчигчийн тоо 1.4 сая боллоо. Мөн Завхан аймгийн Доной нисэх буудлын 10 жил гацсан хатуу хучилттай зурвас хийх ажлыг эхлүүлсэн. Ажлын гүйцэтгэл 74 хувьтай байна. Ирэх тавдугаар сараас ажлыг нь эхлүүлж, нэг сарын дараа ашиглалтад оруулчих байх. Ингэснээр тэнд тийрэлт хөдөлгүүртэй онгоц буух бүрэн боломжтой болно гэсэн үг.

Одоо агаарын тээвэрлэгч нар парк шинэчлэл хийж байгаа. Ингэхдээ аль болох сэнст хөдөлгүүрт агаарын хөлгөөс татгалзаж, үр ашигтай хурдан тийрэлт хөдөлгүүртэй онгоцыг сонгож байна. Тийрэлт хөдөлгүүртэй онгоц буух дэд бүтэц нь хатуу хучилттай зурвас байдаг. Шороон зурвас дээр бууж болдоггүй юм. Үүнээс гадна Өмнөговь, Ховд нисэх буудлын терминалийн зураг төслийг боловсруулж дууссан.

Мөрөн нисэх буудлын зурвасны гэрэл суултын системийг шинэчилсэн. Говь-Алтай аймгийн нисэх буудлын гэрэл суултын системийг шинээр суурилуулсан. Хэнтий аймагт Кувейт Улсын тусламжаар 3.4 сая ам.долларын хөрөнгө оруулалттай нисэх буудал барих төслийг хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болсон. Сүүлийн 10 жилд гацсан, царцсан нэлээн ажлуудыг ИНЕГ-ын баг хамт олон, ажилчид хамтран үргэлжлүүлж, ирэх жилээс үр өгөөжийг нь үзэх гэж байна.

Ийм амжилттай 2018 оныг үдэж байна даа. Эцэст нь, би баг хамт олондоо мэндчилгээ дэвшүүлье. 2018 онд бид маш бүтээлч ажлуудыг хийж дуусгалаа. Олон жил царцсан ажлуудаа ажил хэрэг болголоо. Мэдээж олон тоон үзүүлэлт нэмэгдлээ.

Энэ бүх ажил арын албанд, халуун фронтод ажиллаж байгаа алба хаагчдын зүтгэлээр бүтэж байгаа юм. Тиймээс дүүрэн амжилтаар 2018 оноо үдэж байна. 2019 ондоо үүнээс илүү амжилттай байх болтугай. ИНЕГ болон Нисэх буудлуудын удирдах газрын нийт ажилтан, баг хамт олондоо шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Зураг