Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Тавантолгойн цахилгаан станцыг 2023 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар боллоо"

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна.

Тавантолгой ордыг түшиглэж цахилгаан станц байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргажээ. 

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Засгийн газрын хуралдаанаар өмнийн бүсийн уул уурхайн компанийг эрчим хүчээр хангах шийдвэр гаргалаа. Засгийн газраас Оюутолгойн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай Оюутолгойг эрчим хүчээр хангах, Тавантолгойн цахилгаан станцыг барих асуудлаар хэлцэл хийж тохиролцоонд хүрээд өнөөдрийн хуралдаанаар танилцуулж дэмжигдлээ. Ингэснээр Тавантолгой ордыг түшиглэн барих Оюутолгой, Тавантолгойг эрчим хүчээр хангах 300МВт-ын цахилгаан станцыг 2023 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар боллоо.

Ирэх оноос эхлээд Оюутолгойн эрчим хүчний хангамжийн тодорхой хэсгийг дотоодоосоо хангана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дотоодын эрчим хүчний системээс 20 хувийг нь хангана. Тиймээс бид дотоодын эрчим хүч дамжуулах эх үүсвэрийн дэд бүтцийг барьж байгуулах ажлыг үндсэндээ дуусгаж байна. Он гаргаад Оюутолгой Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдоно. Бид эрчим хүчээ нийлүүлж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Оюутолгой компани БНХАУ-аас 100 гаруй мВт-ын цахилгаан эрчим хүчийг импортолж авдаг.  Энэ нь 170 сая доллар болж байгаа юм. Оюутолгойн нийт авч байгаа эрчим хүчний хэрэглээ манай хэрэглээний 20%-тай тэнцэнэ.

2023 оноос бид Оюутолгойн ордыг эрчим хүчээр 100% хангах үед гадагшаа урсаж байгаа 200 гаруй сая долларыг дотооддоо авч үлдэх боломжтой болно" гэлээ.

Тавантолгойн цахилгаан станц баригдсанаар "Рио Тинто" компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх юм. Гэрээ байгуулсны дараагаар тодорхой хэлэлцлүүд хийгдэнэ. Мөн байгаль орчны тэр дундаа усны үнэлгээнүүдийг хийх юм. Хөрөнгө оруулагчдын хооронд санхүүжилтийн гэрээ байгуулна. Ингэснээр станцын барилга угсралтын ажил 2020 оны 03 дугаар сараас эхлэх аж.