Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ онд дэлхий даяар нийт 80 сэтгүүлч амиа алджээ

О.Булган, iKon.mn
2018 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Олон улсын сэтгүүлчдийн "Хил хязгааргүй сурвалжлагчид" /RSF/ байгуулллагаас жил бүр дэлхий нийт дэх сэтгүүлчдийн эсрэг халдлага болон хүчирхийллийн тойм мэдээллийг нэгтгэн гаргадаг билээ.

RSF нь энэхүү тойм мэдээллээ 1995 оноос хойш жил бүр гаргаж байгаа бөгөөд сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, аллагын тохиолдлын нарийвчилсан мэдээлэл дээр үндэслэдэг юм.

Тэгвэл энэ оны мэдээллээр 2018 онд дэлхий дахинд нийт 80 сэтгүүлч амиа алдсан гэсэн харамсалтай тоо гарчээ

Үүнээс гадна нийт 348 сэтгүүлч шоронгийн хаалга татаж, 60 сэтгүүлч барьцаалагдаад байгаа юм.

Дээрх тооноос харвал хэвлэл мэдээллийн ажилтнуудад дайсагнах байдал урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсэн ба аллага, шоронд хорих, барьцаалах болон ор сураггүй болсон тохиолдлуудыг тооцвол RSF-ийн тойм мэдээлэл ангилал бүртээ өссөн үзүүлэлттэй байна.

Эдгээр тоо баримтыг өмнөх жилүүдтэй харьцуулбал сэтгүүлчдийн хувьд урьд нь хэзээ ч ийм олноороо хүчирхийлүүлж, халдлагын золиос болж байсан удаагүй юм.

Мөн өөрийн хийсэн ажлынхаа улмаас амиа алдсан сэтгүүлчдийн тоо өмнөх жилээс 8 хувиар нэмэгдэж, 80 тохиолдол бүртгэгдсэн бол мэргэжлийн сэтгүүлчид амиа алдсан тоо 2017 оныхоос 15 хувиар өсөж, 63 болоод байна.

 

Эдгээрийн тод жишээгээр дэлхий дахины анхаарлын төвд буй Саудын Арабын нийтлэлч Жамал Хашогги болон Словакийн дата сэтгүүлч Ян Куцякийн аминд халдсан хэргүүдийг нэрлэж болно. Хэвлэлийн эрх чөлөөний дайснууд хаа хүрч болохыг харуулж буйн нэг илрэл нь энэ хэргүүд болоод байна. Мөн энэ онд харамсалтайгаар амиа алдсан сэтгүүлчдийн талаас илүү хувь нь зохион байгуулалттай аллагын золиос болсныг тус тайланд дурдаад буй.

 

RSF-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар "Энэ онд сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл урьд хожид тохиолдоогүй хэмжээнд хүрч, нөхцөл байдал ноцтой түвшинд ирээд байна.

Цадиггүй улстөрчид, шашны тэргүүнүүд, бизнесменүүд сэтгүүлчдийг үзэн ядах байдлаа илэрхийлж, зарим тохиолдолд үүнийгээ нээлттэйгээр тунхаглан зарлаж буй нь бодит байдал дээр эмгэнэлт үр дагаврыг авчирч байна.

Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийн огцом өсөлтөд ч эдгээр нь тусгагдсан байгаа.

Маш хүнд хариуцлага үүрүүлдэг энэ төрлийн үзэн ядалтын илэрхийллийг олон нийтийн сүлжээгээр хүч нэмэгдүүлж буй нь хүчирхийллийг хууль ёсны мэт болгон харуулж байна. Ингэснээр өдөр бүр бага багаар сэтгүүл зүй, цаашлаад ардчилсан тогтолцоо өөрийн үнэт зүйл, хэв шинжээ алдсаар байгаа билээ" хэмээжээ.

Энэхүү судалгаанаас гадна өнгөрөгч дөрөвдүгээр сард RSF-ээс мөн гаргасан "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс"-ээр улстөрчдийн хөхиүлэн дэмжиж буй хэвлэл мэдээллийн эсрэг чиглэсэн, дайсагнасан байдлын түвшин улам нэмэгдсэн талаар мөн мэдээлж, түгшүүрийн дохиог түгээгээд байсан юм.

Саатуулагдан, барьцаалагдсан сэтгүүлч нар...

Энэ жилийн хувьд 15 сэтгүүлч алуулсан үзүүлэлтээр Афганистан улс сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн салбарын хувьд хамгийн аюултай оронд тооцогдож байна.

Түүний араас Сири улс орж байгаа бөгөөд мөн 15 сэтгүүлч алагдаж, Мексик улс ёсөн сэтгүүлчээ алдсанаар энэ жилийн жагсаалтын тэргүүнд бичигдээд байгаа юм. 

 

Эдгээр улсаас гадна АНУ сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай орнуудын эгнээнд багтах болсон бөгөөд өнгөрөгч зургаадугаар сард тус улсын "Capital Gazette" сонины таван ажилтан буудуулсан ноцтой хэрэг гарсан.

Дэлхийн хэмжээнд:

  • Шоронгийн хаалга татсан сэтгүүлч 348 болж, өнгөрсөн оноос 22 тохиолдлоор нэмэгдэв /2017 оны байдлаар саатуулагдсан нийт сэтгүүлчдийн талаас илүү нь Хятад, Иран, Саудын Араб, Египет, Турк гэсэн таван улсад хоригдож байна/,
  • БНХАУ-ын хувьд хамгийн олон буюу 60 сэтгүүлчийг хориод байгаа бөгөөд тэдний 75 хувь нь мэргэжлийн бус сэтгүүлчид байна,
  • Барьцаалагдсан сэтгүүлчид 60 болж, өнгөрсөн оноос 11 хувиар өсөв/ Тэдгээрийн 59 сэтгүүлч нь Сири, Ирак, Йемен гэсэн Ойрх Дорнодын гурван улсад барьцаалагдсан бөгөөд 6 нь гадаадын сэтгүүлч байна/.

Хэдийгээр Исламын улс бүлэглэл /ISIS/ Иракт ялагдаж, Сири улсаас ухралт хийсэн боловч сүүлийн гурван жилийн хугацаанд Сирид барьцаалагдаж байгаад суллагдсан Японы сэтгүүлч Жунпэй Ясудаг эс тооцвол бусдынх нь талаар маш бага мэдээлэл л нийтэд ил болоод байгаа юм.

Эдгээрээс гадна Бүгд найрамдах Донецк улс хэмээн өөрсдийгөө зарлаад буй засаг захиргаанаас тагнуулын хэргээр Украины сэтгүүлчийг барьцаалаад байгаа билээ.

RSF-ийн бүртгэснээр 2018 онд нийт гурван сэтгүүлч ор сураггүй алга болсны хоёр нь Латин Америк, нэг нь ОХУ-д тохиолдоод байгаа юм.

Хил хязгааргүй сурвалжлагчид дээр дурдагдсан сэтгүүлч бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах замаар тухайн тохиолдлуудыг баталгаажуулан гаргадаг бөгөөд тэдгээр нь бүгд өөрсдийн сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааныхаа улмаас хохирогчид болсныг дурдах нь зүйтэй юм.

 

 

Эх сурвалж: Reporters Without Borders