Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Г.Ганболд 41 мянган доллараас чөлөөлсөн бичгийг ил болгов

Зууны мэдээ
2018 оны 12 сарын 19
Зууны мэдээ

Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболдтой холбоотой мэдээлэл дуулиан тариад намжлаа. Түүнийг хүүхдээ эмчлүүлэхээр Энэтхэгт очсон эмэгтэйг Элчин сайдын яамныхаа үүдэнд зодсон талаар хохирогч гэх бүсгүй бичлэг хийж цахимд тавьжээ.

Бүсгүйн нөхөр “Хүүхдээ эмчлүүлээд эх орондоо буцах гэсэн чинь баахан асуудал тулгараад, үнэхээр аргагүйдсэн. Би охиноо сахиж үлдээд эхнэрээ нааш нь явуулсан чинь Ганболд гарч ирээд эхнэрийн маань цээж ходоод сав тус газар нь өшиглөсөн байна. Бид яах ёстой вэ” хэмээн ярьсан нь олны шүүмжлэлд өртсөн юм.

Харин энэ талаар Элчин сайд Г.Ганболд “Иргэн Б.Батчулуун, Г.Оюун нар ЭСЯ-нд ирж, “Шинэ Дели хотын “BLK” эмнэлэгт цаашид охиноо эмчлүүлэхгүй, санал болгож байгаа эмчилгээг нь хийлгэхгүй, даруйхан нутаг буцахаар шийдлээ. Энэтхэгт байх визний хугацаа хэтэрсэн, торгуулийн хэмжээ их болоод байгааг хөнгөлүүлж, хилээр гарах зөвшөөрөл олгож тусална уу” гэж хүссэн.

Үүнийг ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга, консулын ажилтан Л.Батсуурьт даалгаснаар асуудал шийдэгдсэн. Б.Батчулуун “BLK” эмнэлэгт төлөх мөнгө байхгүй тул эмнэлгийн төлбөрөөс хөнгөлүүлж өгнө үү” гэж дахин хүссэний дагуу эмнэлэгтэй нь ярьж гурван сая энэтхэг рупи буюу 42,857 ам.долларын төлбөр, визний хугацаа хэтэрсний 300 ам.долларын торгуулийг чөлөөлүүлсэн. Миний зүгээс түүний биед нь халдсан зүйл байхгүй” гэсэн тайлбарыг хэлсэн.

Мөн Энэтхэгийн “BLK” эмнэлэгт хүсэлт тавьж, Г.Оюуны охины эмчилгээний зардал болох 41 мянган ам.долларыг чөлөөлсөн болохыг гэрчлэх албан бичгийг ил болгоод байгаа юм. Дээрх асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Элчин сайдаас тайлбар аваад байна. Холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна” гэж мэдэгдээд байгаа юм.

 

 

Зураг