Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Африкаас Камбожид ирсэн чингэлэгнээс 3.2 тонн зааны соёо илэрсэн нь хулгайн тээврийн дээд үзүүлэлт болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Камбожийн хуулийнхан Африкийн Мозамбик улсаас ирсэн нэгэн чингэлэгнээс 3.2 тонн жинтэй зааны соёо олсон нь тус улсын хулгайн тээврийн түүхэнд дээд үзүүлэлт болжээ.

Нийтдээ 500 гаруй зааныг хулгайгаар агнасны баримт болох 1,026 ширхэг соёо илэрсэн нь Камбож улс хулгайн ангийн барааг дамжин өнгөрүүлэх чухал цэг болсныг харуулж байна.

Өнгөрсөн онд Мозамбикаас Пном Пений боомтод ирсэн чингэлэг авах эзэн нь олдоогүйн улмаас хадгалагдаж байжээ. Гантиг чулуун дунд зааны соёонуудыг нуусан байв.

Соёонуудыг бусад улс орон руу явуулах гэж байсан гэж албаныхан таамаглаж байна. Хятад, Вьетнам улсуудад зааны соёоны эрэлт өссөнтөй холбоотой Камбожоор хууль бус бараа дамжуулан тээвэрлэх явдал нэмэгдсэн юм.

Хөрш Тайландад хулгайн ангийн тээврийг хатуу хориглосноос гэмт этгээдүүд хяналт сул, авлига өндөр Камбожийг сонгох болсон байна.

Тиймээс сүүлийн таван жилийн хугацаанд Камбожоос хэд хэдэн том хулгайн тээвэрлэлт илрээд байгаа. Үүнээс өмнө 2014 онд тус улсын гаалийнхан шош ачсан чингэлгэн дотроос 3 тонн орчим соёо илрүүлсэн нь дээд үзүүлэлт болж байв.

Өнгөрсөн онд мөн Мозамбикаас илгээсэн модтой ачаанд нэг тонн орчим зааны соёо нуусан байжээ.

 

Эх сурвалж: AFP