Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энх-Ирээдүй: ХААН Банкинд хаалттай цаг байхаа болилоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 14
Сурталчилгаа

Банк санхүүгийн салбарт техник технологийн хөгжил дэвшил хэрхэн нөлөөлж буйг бид өдөр тутамдаа харж, мэдэрч, үр шимийг нь хүртэж байна.

Банк гэсэн ойлголт барилга байшин төдийхнөөр төсөөлөгдөхөө хэдийнэ больж, иргэдийн дунд бэлэн мөнгөний оронд картын хэрэглээ нэвтэрч, тэр ч байтугай гар утастай л байхад банк санхүүгийн бүх хэрэгцээгээ хангах боломжтой болсон.

Монгол орон даяар хамгийн өргөн цахим сүлжээтэй ХААН Банк харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн ухаалаг бүтээгдэхүүн үйлчилгээг цаг үргэлж санал болгосоор ирсэн бөгөөд энэ удаа цоо шинэ төхөөрөмж туршилтаар нэвтрүүлээд буй нь өөртөө үйлчлэх банк буюу  Киоскийн машин юм.

Харагдах байдлаараа АТМ-тай төстэй боловч маш олон “ид шид”-тэй, иргэдийн цаг завыг хэмнэсэн энэхүү ухаалаг автомат машины талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ХААН Банкны Цахим банк, АТМ-ын сувгийн газрын захирал С.Энх-Ирээдүйтэй ярилцлаа.

 

-Юуны өмнө энэ том төслийн ард гарч, Монголын банкны салбарт цоо шинэ технологи нэвтрүүлсэн танай хамт олонд баяр хүргэе. Киоск машины гол давуу тал, онцлог юу вэ?

-Баярлалаа. Аливаа харилцагчид хоёр төрлийн санхүүгийн хэрэгцээ байдаг. Бэлэн болон бэлэн бус гүйлгээ, нөгөөх нь санхүүгийн бус үйлчилгээ юм. Киоскийн төхөөрөмжийн давуу тал нь Монголдоо анх удаа харилцагчид маань санхүүгийн бус хэрэгцээ буюу банкнаас авах шаардлагатай тодорхойлолтууд, дансны хуулга, зээлтэй эсэх лавлагаа зэргийг хэвлэн авах боломжтой боллоо. Мобайл банк, интернэт банк зэрэг бүх төрлийн үйлчилгээнд бүртгүүлэхээс гадна өдрийн аль ч цагт Монгол Улс дотор хүссэн банк руугаа бэлэн бусаар гүйлгээ хийх боломжтой.

Яваандаа бид  олон улсын гүйлгээ хийх боломжийг бүрдүүлэхээр хичээж байна. Хамгийн гол онцлог нь видеогоор онлайн туслахтай шууд холбогдож заавар зөвлөгөө авах боломжтой харилцуурыг энэ төхөөрөмжинд суурилуулж өгсөн. Харилцагчид маань Киоск машины камер, харилцуурын тусламжтайгаар яг теллертэй нүүр тулаад ярьж байгаа юм шиг дуу, дүрсний өндөр нягтаршилтайгаар шууд онлайн туслахтай харьцах боломжийг анх удаа нээж өгсөн. Энэ бүх үйлчилгээг цогцоор нь шийдсэнээрээ иргэд заавал банк явах шаардлагагүйгээр 24 цагийн аль ч үед санхүүгийн хэрэгцээгээ авах боломжтой боллоо.

Өөрөөр хэлбэл, ХААН Банкинд хаалттай цаг гэж байхгүй болсон гэсэн үг. Энэ утгаараа жинхэнэ өөрөө өөртөө үйлчлэх банкны үйлчилгээний машин болж чадаж байна.

 

-Киоскоор үйлчлүүлэхэд ямар бичиг баримт шаардлагатай вэ?

-Тухайн хүн иргэний үнэмлэхээ уншуулаад, хурууны хээгээ таниулснаар үйлчилгээ авах боломжтой. Монгол Улсын хэмжээнд иргэнийг танин баталгаажуулах үйлдлийн хамгийн шалгарсан хувилбар нь тэр хүний хурууны хээ Дата төвд шалгагдаж, регистрийн дугаартай нь таарснаар тухайн хүн мөн эсэх нь баталгааждаг.

Киоск машин яг л төрийн үйлчилгээний ТҮЦ машинтай ижил зарчмаар ажиллана. Монголчууд маань ТҮЦ машинаар үйлчлүүлээд сурчихсан тул харьцангуй хүндрэл бага гарах болов уу.

-Иргэний үнэмлэхээс гадна банкны картаа давхар уншуулах шаардлагатай юу?

-Шаардлагагүй, иргэний үнэмлэхээ уншуулж, хурууны хээгээр баталгаажуулж байгаа учраас карт хэрэггүй. Гүйлгээ хийхдээ код хийх ч шаардлагагүй. Гэхдээ зөвхөн бэлэн бус гүйлгээ хийх боломжтой. Харилцагчдын цаг зав, нэмэлт үйлдлийг хөнгөвчлөх нь л бидний гол зорилго юм.

-Ахмад настнууд болон технологиос хол байдаг зарим хүн АТМ-аар үйлчлүүлэхдээ  түвэгшээдэг тал бий. Киоск машины онлайн туслахтай холбогдоод үйлчилгээгээ одоо саадгүй авах нь ээ?

-Тийм шүү. Орон нутгийн харилцагчид нийслэлийнхнийг бодвол технологиос харьцангуй хол байдаг. Хотын иргэд насны зааг хамаарахгүйгээр өдөр тутам АТМ ашиглаж байна шүү дээ. Эхний ээлжинд хүмүүст сонирхолтой л байх байх. Мэдээж технологиос хол байдаг хүмүүст дасахад хугацаа орно. АТМ-ыг анх нэвтрүүлж байхад хэрэглэж чаддаг хүн цөөхөн байсан. Экспресс банк ч ялгаагүй анх хүмүүс нэг л итгэж өгөхгүй, мөнгөө хийдэггүй байсан.

Одоо иргэд хэнээс ч айхгүй тэр төхөөрөмжинд орлогоо хийж, бусад руу мөнгөө шилжүүлж чаддаг болсон шиг Киоск машиныг ч мөн ашигладаг болох байх. Ашиглахад аль болох хялбар болгох үүднээс бид 19 инчийн мэдрэгчтэй дэлгэц суурилуулж, мөн товчлууруудыг хүнд ойлгомжтой меню хэлбэрээр оруулсан. Товчлууруудын хэмжээ нь том учир настай хүн ашиглахад хялбар. Манай багийнхны хувьд тухайн хүн гар утас ашиглаж чаддаг л бол үүнийг ашиглах боломжтой гэсэн бодлого барьж ажилласан. Монголчуудын хувьд харьцангуй шинэ зүйлд дасан зохицох хурд, чадвар өндөртэй шүү дээ.

Тэгэхээр технологи талаасаа Киоск машинаас хэрэгцээтэй үйлчилгээгээ авахад илүү амар, хялбар байх болов уу гэж тооцоолж байгаа.

 

-ATM-ыг бодвол Киоск машинаар банк хооронд шууд гүйлгээ хийж болдгоороо давуу талтай санагдлаа?

-Тийм шүү. Нэгэнт иргэний үнэмлэхээ уншуулаад, хурууны хээгээ баталгаажуулж байгаа учраас ямар нэгэн лимитгүйгээр банк хооронд гүйлгээ хийх боломжтой. Энэ нь харилцагчдад таатай байх болов уу. Үүнээс гадна хүмүүс гүйлгээ хийсэн бол заавал тамгатай баримт авахыг хүсдэг. Өнөөдөр зайлшгүй байгаа нэг хэрэгцээ бол иргэдийг заавал биет салбараас биет цаас авчрахыг шаарддаг. Бусад байгууллагууд шаарддаг учраас харилцагчид заавал салбар тооцооны төвүүдэд ханддаг.

Албан ёсны тамгатай тодорхойлолтыг Киоскоос хэвлэх боломжтой болж байгаа тул харилцагчид заавал банкнаас энэ үйлчилгээг очиж авах  шаардлагагүй болсон. Гэхдээ бас сонголттой. Киоск маань зөвхөн тодорхойлолт хэвлэх биш, анх удаа манай банкнаас гаргаж байгаа албан ёсны баримтыг цахим суваг дээрээс хүссэн газар руу нь илгээх боломжтой. Өөрөөр хэлбэл, дансны хуулгаа та хэвлэж авалгүйгээр илгээх газрынхаа и-мэйл хаягийг оруулаад онлайнаар явуулж болно.

Өөрийн и-мэйл хаягаараа авах ч бололцоотой. Энэ утгаараа цаасанд хэмнэлттэй юм.

- Одоогоор хэдэн киоск машин ашиглалтад оруулаад байна вэ?

- ХААН Банк цамхагийн 1-р давхарт байрлах Төв тооцооны төвд хоёр Киоск машин суурилуулж, 11-р сарын 30-наас ашиглалтад  оруулсан. Энэ ондоо багтаад Ард төвлөрсөн тооцооны төв, Баруун хүрээ, Үйлдвэр комбинат байршилд нийтдээ 10 Киоскийн машин байршуулахаар төлөвлөсөн.

ХААН Банк цамхагт байгаа киоскийн хоёр төхөөрөмжийг ашиглалтанд оруулснаас хойш 14 хоногийн хугацаанд давтагдсан тоогоор 5332 хүн үйлчлүүлсэн байна. Үүнээс 4894 нь данс, картын мэдээллээ лавласан, 1331 нь дансны тодорхойлолт, хуулга хэвлэж авсан, 175 нь бэлэн бус гүйлгээ хийсэн байна. Киоск суурилуулсан байршлын тухайд бид судалгаан дээр үндэслэж, дээрх тооцооны төвүүдийг сонгосон.

 

-Ирэх онд хэдийг нэмж тавих вэ? Орон нутагт бас байршуулах уу?

-Бид ирэх онд 100 орчим Киоскийн төхөөрөмжийг улсын хэмжээнд байршуулах төлөвлөгөөтэй байна. Банкны үйлчилгээ ойр байна гэдэг аль ч газар давуу чанар. Тиймээс бид харилцагчдаа аль болох цахимжуулахыг оролдож байна. Киоскны хувьд бас нэг давуу тал нь Монгол Улсын хаана ч сүлжээтэй газар бид аваачаад тавьчихна.

Увс, Баян-Өлгий, Дорноговь хаана ч байсан ялгаагүй төв оффис дээр сууж байгаа онлайн туслахтайхолбогдох боломжийг бий болгож өгч байна. Өөрөөр хэлбэл үйлчилгээний стандартыг орон даяар жигд болгох  боломжийг бүрдүүлнэ. Ер нь энэ ажил маань ашгийн бус зорилготой, банкны үйлчилгээг хүмүүст ойртуулах, цаг завыг нь хэмнэх хийж буй төсөл шүү дээ. Иргэдийн банкинд оочерлох хүлээлгийн дундаж хугацаа 14 минут гэсэн тоо байдаг. 

Теллерээс үйлчилгээ авахад нэмээд 3 минут зарцуулна. Тэгвэл энэ 17 минутыг бид Киоскийн тусламжтай 45 секунд л болгох гээд байгаа юм. Энэ бол маш их цагийг гэр бүлдээ, амьдралдаа зарцуулах боломж олгож байгаа хэрэг. Энэ төхөөрөмж маань Энэтхэг, Солонгос, Сингапур зэрэг технологи өндөр хөгжсөн орнуудад сүүлийн ганц хоёр жилийн хугацаанд хөгжиж байгаа шинэ технологи.

- Шинэ технологийн хувьд аюулгүй байдлыг нь хэрхэн хангах вэ гэдэг асуудал дагалддаг?

-Банкны биет салбаруудад тавигддаг бүхий л стандарт шаардлагыг бүрэн хангасан байгаа. Камер, сүлжээний стандарт, хамгаалалтын бусад програмууд зэрэг хамгаалалтын шийдлийг бүрэн хангасан.

Мөн төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбогдсоноор харилцагчийн хурууны хээг мэдээллийн сангаас шалгадаг. Энэ мэдээллийг бид бүртгэж авдаггүй, бас хадгалж үлддэггүй. Энэ нь харилцагчийн хувьд өөрийн мэдээллээ алдах вий гэх бүх эрсдэлээс хамгаалагдаж байгаа юм.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.