Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Бид ямар улстай хэдий хэмжээний ашигтай/алдагдалтай худалдаа хийдэг вэ?

З.Санжаа, iKon.mn
2018 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Аливаа улс орны үндэсний аюулгүй байдал, оршин тогтнол нь эдийн засаг, худалдааны үзүүлэлтүүдээр хамгийн их баталгааждаг ажээ.

Тэгвэл бидэнд бусдад зарж борлуулах ямар бараа, бүтээгдэхүүн байна вэ. Монгол Улсын худалдааны ашиг, алдагдал хэд байдаг вэ? энэ талаар бид дараах мэдээллийг бэлтгэлээ. 

Гадаад худалдаа

2018 оны эхний 11 сарын байдлаар Монгол улс дэлхийн 70+ оронд бараа, түүхий эд зарж борлуулсан (экспорт) бол эргээд 150+ орноос худалдан авалт (импорт) хийжээ.

Эдгээр улсаас БНХАУ болон ОХУ-тай хамгийн их буюу тэрбум ам.доллараар хэмжигдэх хэмжээний худалдаа хийж байна.

Сүүлийн 12 жилийн гадаад худалдааг тоймлоод харвал 2007-2013 онд алдагдалтай (экспорт < импорт), 2014-2018 онуудад ашигтай (экспорт > импорт) худалдаа хийжээ.

Худалдаа ашигтай байснаар Монгол Улсад орж ирэх валют (ам.доллар)-ын хэмжээ нэмэгдэж дотоодын үй түмэн асуудлуудаа шийдвэрлэх боломжтой болно гэсэн үг.

Бид ямар улс оронтой хэдий хэмжээний ашигтай/алдагдалтай худалдаа хийдэг вэ?

Монгол Улсын худалдааны хамгийн их ашиг, алдагдалтай орнуудын мэдээллийг хүргэе.

БНХАУ


Бид гадаадын улс орнуудаас жилд худалдаж авдаг нийт мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх бараа бүтээгдэхүүний 30+ хувийг БНХАУ-с авч байна.

Харин гадагшаа зарж борлуулдаг зүйлсийнхээ 90+ хувийг тус улсад нийлүүлж байна. Өөрөөр хэлбэл БНХАУ манай №1 түнш байх нь.

График 1, Монгол-БНХАУ худалдааны баланс, жилээр, тэрбум ам.доллар

Тус улстай өмнөх жилүүдэд тогтмол ашигтай худалдаа хийж ирсэн ба 2018 оны эхний 11 сарын байдлаар БНХАУ-тай хийсэн худалдаа 4.2 тэрбум ам.долларын ашигтай байжээ.

Худалдаа ашигтай байгаа гол хүчин зүйл нь тэд манай уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн (зэсийн хүдрийн баяжмал, төмрийн хүдрийн баяжмал, нүүрс, түүхий нефть ... г.м) ихэнхийг нь авдагт оршиж байна.

ОХУ


Бид "ах" нараасаа жилд тэрбум+ ам.долларын нефтийн бүтээгдэхүүн худалдаж авдаг бол эргээд манайхаас жилд худалдаж авдаг бараа бүтээгдэхүүний дүн нь 100 сая ам.долларт хүрдэггүй байх нь. Дунджаар 50-80 сая ам.доллар.

Экспортод жонш, лейцит, нефелинт зэрэг элементүүд хамгийн өндөр дүнг эзэлж байгаа бөгөөд эдгээр нь хойд хөршийн гангийн үйлдвэрлэл болон бусад салбарт нийлүүлэгддэг байх нь.

График 2, Монгол-ОХУ худалдааны баланс, жилээр, тэрбум ам.доллар

2018 оны эхний 11 сарын байдлаар Монгол Улсын ОХУ-тай хийж буй худалдааны алдагдал 1.5 тэрбум ам.доллар.

Япон


Монгол Улс Японтой мөн л тогтмол алдагдалтай худалдаа хийж байна.

2016 оны зургаадугаар сараас Монгол Японы хооронд байгуулагдсан "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" хэрэгжиж эхэлсэн. Хэлэлцээрт заасны дагуу Монголын талаас 5,700, Японы талаас 9,300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан импортын гаалийн татвараас шууд болон үе шаттайгаар чөлөөлөх болсон. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай талд эерэг үр дүн харагдсангүй. 2017 онд нийт бараа эргэлт 10% өссөн боловч алдагдал нь мөн хэмжээгээр өссөн. 2018 оны эхний 11 сарын байлдлаар нийт бараа эргэлт 542.3 сая ам.долларт хүрч, 2017 оны эцсээс 43% өссөн боловч худалдааны алагдал 492 сая ам.долларт хүрч өссөн байна.

График 3, Монгол-Япон худалдааны баланс, жилээр, сая ам.доллар

Бид Японоос суудлын автомашин хамгийн ихээр худалдаж авдаг бөгөөд тус улсаас орж ирж буй нийт импортын 60-70 хувийг эзэлдэг.

Харин Япон руу гаргасан экспортын дүн энэ онд 25 сая ам.долларт хүрсэн нь сүүлийн 12 жилийн хамгийн дээд үзүүлэлт болж байна.

БНСУ


Өмнөд Солонгостой алдагдалтай худалдаа тогтмол хийж буйгаас сүүлийн 4 жилд алдагдлын хэмжээ буурсан үзүүлэлттэй байна.

График 4, Монгол-БНСУ худалдааны баланс, жилээр, сая ам.доллар

БНСУ-аас бид хүнд машин механизм, авто бульдозер, ачааны машин зэргийг хамгийн өндөр мөнгөн дүнгээр импортолдог. Харин манайхаас 7-8 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зэс болон молебдиний хүдрийн баяжмал, мөн хэмжээний сүлжмэл бүтээгдэхүүн (пальто, костюм, цамц, свитер... г.м) зэргийг экспортолж байна.

Их Британи


Тус улстай сүүлийн зургаан жил ашигтай худалдаа хийж байгаа бөгөөд энэ оны эхний 11 сарын байдлаар 141.8 сая ам.долларын ашигтай худалдаа хийжээ.

График 5, Монгол-Их Британи худалдааны баланс, жилээр, сая ам.доллар

Монгол Улс Их Британитай (Англитай) ашигтай худалдаа хийж байгаа №1 хүчин зүйл нь алтны борлуулалт. Бид боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтныхаа ихэнхийг тус улсад борлуулдаг. Өмнөх оноос худалдааны ашгийн хэмжээ буурсан шалтгаан нь 2017 онд 14.6 тонн алт борлуулсан бол энэ оны 11 сарын байдлаар 3.4 тонн хүрч буурсантай холбоотой байна.

Эсрэгээрээ бид Их Британиас хамгийн их худалдаж авдаг зүйл нь суудлын автомашин. Land Rover, Jaguar брэндийн автомашинууд дотоодод дилерийн эрхтэй зарж борлуулдгийг бид мэднэ. Энэ оны эхний 11 сарын байдлаар нийт 5.9 сая ам.долларын үнэ бүхий суудлын автомашин импортолсон байна.

Өөрөөр хэлбэл, бид тус улсаас худалдаж авдгаасаа илүү ихийг зарж борлуулдаг учраас худалдаа ашигтай гарч байгаа юм.

Америкийн нэгдсэн улс (АНУ)


График 6, Монгол-АНУ худалдааны баланс, жилээр, сая ам.доллар

Импортод хамгийн өндөр дүнг эзэлдэг зүйлс нь Ачааны тэрэг, Өргөгч ачигч буулгагч зэрэг тоног төхөөрөмжүүд.

Харин манайхаас гянт болдын хүдрийн баяжмалыг тогтмол худалдаж авч байна. Энэ нь жилд 1-3 сая ам.доллараар хэмжигдэнэ.

Энэ онд АНУ-ын Конгресст Монголын ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй нэвтрүүлэх санал гаргаад байгаа бөгөөд эл асуудал нааштай шийдэгдвэл худалдааны алдагдал тодорхой хэмжээгээр буурах хүлээлттэй.

ХБНГУ (Герман)


Германтай бид мөн л алдагдалтай худалдаа хийж байна.

График 7, Монгол-Герман худалдааны баланс, жилээр, сая ам.доллар

Бид жилдээ 10 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний суудлын автомашин, мөн хэмжээний эм, эмийн бүтээгдэхүүнийг Германаас тогтмол худалдаж авдаг нь импортод гол жин дардаг. Харин манайхаас хамгийн их худалдаж авдаг зүйлс нь малын өлөн гэдэс, давсаг, гүзээ, самнасан үс, хялгас төрлийн бүтээгдэхүүн. Эдгээр нь жилдээ 4-6 сая ам.доллараар хэмжигдэж байна.

Австрали


Австралитай тогтмол алдагдалтай худалдаа хийж байна.

График 8, Монгол-Австрали худалдааны баланс, жилээр, сая ам.доллар

Тус улсаас тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжүүдийг (уул уурхайн салбарт) хамгийн ихээр импортолдог байх нь. Мөн манайхан тус улсад суралцаж, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр цөөнгүй тоогоор явдгийг бид мэднэ.

Харин тус улсад гаргаж байгаа экспортод өндөр дүн эзлэж буй зүйлс нь бульдозер, авто хусуур, хамагч, зам индүүдэгч, шинэ дугуй зэрэг бүтээгдэхүүнүүд байна. Эдгээр нь манай дотоодын үйлдвэрлэлээс гардаггүй тул ре-экспорт төрлийн бүтээгдэхүүнүүд болов уу.

Польш


График 9, Монгол-Польш худалдааны баланс, жилээр, сая ам.доллар

Бид Польшоос жилдээ 10-20 сая ам.долларын алим, жимс, ногоо, гахайн мах, өөх, шоколад зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хамгийн ихээр худалдаж авдаг бол манайхаас гарч буй зүйлс нь тун хэлбэрийн эм, сүлжмэл хувцас (цамц, костюм, пальто ... г.м) өлөн гэдэс, давсаг, гүзээ зэрэг бүтээгдэхүүнүүд байна.

Казахстан


График 10, Монгол-Казахстан худалдааны баланс, жилээр, сая ам.доллар

Бид Казахстанаас жилдээ 20-30 сая ам.доллартай тэнцэх хэмжээний сигар, янжуур тамхи оруулж ирдэг байна.

Харин казахстанчууд манайхаас нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний адууны мах, мөн хэмжээний үслэг биш, гар аргаар хийсэн хивс, бусад хүнсний бүтээгдэхүүн авч байна.

Малайз


График 11, Монгол-Малайз худалдааны баланс, жилээр, сая ам.доллар

Малайзаас бид мэдээллийн технологийн салбарт ашиглагддаг компьютер тоног төхөөрөмжүүд, телевизор, бусад төрлийн дэлгэц зэрэг бүтээгдэхүүнүүдийг хамгийн ихээр оруулж ирдэг бөгөөд эдгээр нь жилдээ 10-20 сая ам.доллараар хэмжигдэнэ. Мөн нарийн боов, талхны үйлдвэрлэлд ашигладаг дал модны тос, кофе, цай, халуун ногооны охь ханд зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг жилд 5-10 сая ам.доллартай тэнцэх хэмжээгээр тогтмол худалдаж авч байна.

Харин бид Малайзад жилдээ ~1 сая ам.доллартай тэнцэх хэмжээний цагаан тугалганы хүдрийн баяжмал зарж борлуулдгаас өөр тогтмол гаргадаг бүтээгдэхүүний нэр төрөл алга.

Швейцар


График 12, Монгол-Швейцар худалдааны баланс, жилээр, сая ам.доллар

Швейцараас тогтмол худалдаж авдаг зүйлс нь 2-5 сая ам.доллартай тэнцэх эм, эмийн бүтээгдэхүүн, ~1 сая ам.доллартай тэнцэх бугуйн болон бусад төрлийн цаг.

2015 болон 2016 онд Швейцартай хийсэн худалдаа ашигтай гарахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь тухайн цаг үед бид алтныхаа ~30 орчим хувийг тус улсад зарж борлуулж байснаар тайлбарлагдаж байна.

 

Статистикийн эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар, Монголбанк