Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дамба-Очир: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэнээрээ ЖДҮХС-гийн асуудалд холбогдлоо гэж ойлгосон

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 12 сарын 13
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.

-Эдийн засгийн байнгын хорооны ирц хүрэхгүй хуралдаан гурван удаа хойшиллоо. Та Байнгын хорооны даргын хувьд гишүүдээс хуралдаандаа суухыг шаардаж байна уу?

-Энэ долоо хоногт Байнгын хороог гурав дахь удаагаа хуралдуулах гэж үзлээ. Өчигдөр (уржигдар) 09.00 болон 12.00 цагт хуралдах гэж үзсэн ч ирц хүрээгүй. Өнөөдөр бас л ирц хүрсэнгүй.

-Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаад л байна шүү дээ. Та гишүүдээ хуралдаанд оролц гэж шаардахгүй байгаа юм биш үү?

-Гишүүд бойкот зарлачихаад хуралдаанд оролцохгүй байна. Зөвхөн манай Байнгын хороо биш Ёс зүйн дэд хороо ч өнөөдөр (өчигдөр) хуралдах байсан. Дэд хорооны ирц хүрэхгүй, бас хуралдаж чадаагүй.

-Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг чөлөөлөх асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй учраас УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэсэн үг үү. Асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа нь дуусаж байгаа биз дээ?

-Энэ асуудлыг өнөөдөр (өчигдөр) Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд маргааш (өнөөдөр) УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой байсан. Гэсэн ч гишүүд хуралдаанд оролцохгүй байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Ундармаа бид гурав л хуралдаанд ирлээ. Зам, тээврийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа нь өчигдөр (уржигдар) 15.00 цагт дууссан. Тиймээс маргааш (өнөөдөр) чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй боллоо гэж ойлгож болно.

-Асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа нь дууссан бол хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авах вэ?

-Засгийн газар, УИХ нь хоорондоо сайн ярилцахгүй бол болохгүй байх л гэж бодож байна. Хуулийн хугацаанд нь багтаж хэлэлцэж чадсангүй шүү дээ. 

-Хуулийн хугацаанд багтаж хэлэлцээгүй учраас хууль зөрчсөн гэсэн үг үү?

-Хуулийн хугацаанд хэлэлцэж чадаагүй учраас хууль зөрчиж байгаа юм байлгүй дээ.

-Таныг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Сапфир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нөлөөлсөн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Та энэ асуудалд тайлбар өгнө үү?

-Тэр компани нь надад ямар ч хамааралгүй. Надтай холбоо байхгүй гэсэн үг. Миний ах, дүү ч тэр компанитай хамаарал байхгүй. Би У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хамгаалж үлдсэнийхээ төлөө Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудалд холбогдлоо гэж ойлгож байна. Манай нам дотроо талцсанаас болж бие биеийгээ хэвлэлээр бичүүлж байгаагийн нэг жишээ. Тиймээс ийм мэдээллийг одоо зогсоох хэрэгтэй. Хэвлэлээр бие биеэ ингэж нүддэгээ болих хэрэгтэй.

-Таныг ЖДҮХС-гаас зээл авч, мөнгө угаасан байж болзошгүй тул прокурорын байгууллагаас эгүүлэн татах хүсэлт гаргах гэж байгаа талаар нэлээд шуугилаа. Танд энэ талаар мэдээлэл ирсэн үү?

-Ямар ч асуудал байхгүй. Надтай хамааралгүй компани учраас тухайн компанийг зээлээ хэрхэн ашигласныг би мэдэхгүй шүү дээ. УИХ-ын гишүүд бүгд л тойргийнхоо хүмүүсийг дэмжиж, бичиг хийж өгдөг. Бүх гишүүн л бичиг хийж өгсөн байна лээ.

-Гишүүд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан нь ёс зүйн хувьд танд ямар санагдаж байгаа вэ?

-Гишүүд аваагүй шүү дээ. Компаниуд зээл авсан. Буцаагаад л төлнө. Ёс зүйн хувьд хамаарал бүхий компанидаа зээл авч болохгүй. Энэ асуудлыг талцал хуваагдлаас болж л олон нийтэд гаргаж байгаа болохоос биш энэ байтугай асуудлыг нийтэд гаргахгүй л байна шүү дээ. Тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөгжлийн банк, Монголбанк, концессын асуудлыг олон нийтэд гаргахгүй байна. Өнгөрсөн жил Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 60 тэрбум төгрөгийг хуваарилсан юм билээ. Үүнийгээ тойруулаад л бие биеэ намнах ажиллагаа явуулж байна.

-Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт opyyfiax тухай хуулийн төслийг МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь дэмжээгүй. Харин та хуулийн төслийг дэмжсэн байр суурь илэрхийлж байсан. Уг хуулийн төслийг батлах шаардлага, үндэслэл нь юу байна вэ?

-Алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгосон заалтын хэрэгжилтийн хугацаа нь ирэх нэгдүгээр сарын 1-нд дуусаж байгаа юм. Тиймээс тус заалтын хэрэгжилтийн хугацааг таван жилээр сунгахаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан. Харин бүлгийн гишүүд таван жилийн хугацааг их гэж үзсэн. Сүүлийн жилүүдэд алтны хэмжээ нэмэгдэж байгаа нь үнэн.

Хилээр алт нууцаар гаргахгүй, Монголбанкинд тушааж байгаа нь ч үнэн. Монголбанкинд алт тушаахын хэрээр алтны нөөц нэмэгдэж байгаа гэсэн үг. Энэ утгаар хуулийн төслийг дэмжье гэсэн юм. Ерөнхийдөө гишүүд заалтын хэрэгжилтийг нэг, хоёр жилээр сунгаж, энэ хугацаанд гаалийн байгууллагын ажил, хяналт шалгалтыг сайжруулах санал гаргаж байсан.

-Засгийн газар хил гаалийн байгууллагын хяналтыг сайжруулахад онцгой анхаарч байгаа гэсэн шүү дээ?

-Гаалийн хяналт, шалгалтыг сайжруулахаар улсын төсөвт 60 тэрбум гаруй төгрөг суулгасан. Хилээр нэвтэрч байгаа бүх зүйлийг нарийн шалгадаг тоног төхөөрөмжөөр хангана. Мөн хууль хяналтын байгууллагын ажлыг сайжруулж, Эрүүгийн хуулийн заалтуудыг тодорхой, чанга болгосны дараа алт ашигласны төлбөрийг нэмж болно гэдгийг хэлсэн. Харин гаалийн байгууллагыг тоног төхөөрөмжөөр хангаж, хяналтын системийг сайжруулахаас өмнө алтны татварыг нэмбэл хууль бус наймаа ихэснэ. Өөрөөр хэлбэл, их татвар өгөхгүйгээр хил гаалиар нууцаар авч гарна гэсэн үг.

Өмнө нь татварыг өндөр боргоход Монголбанкинд алт тушаахаа больчихсон байсан. Үүнээс л айгаад байгаа юм. Харин гишүүд нөхөн сэргээлт гэх мэт алттай холбоотой бүх асуудлыг ярьж байна лээ. Асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд нэн даруй арга хэмжээ авах, холбогдох хуулийн заалтуудыг өөрчлөх талаар үүрэг, чиглэл өгсөн. Удахгүй шийдвэрлэх байх.

-МАН-ыг тэмцлээсээ болж, нийгэмд хамгийн их тулгамдаж байгаа агаарын бохирдлын асуудлыг анхаарахгүй байгаад иргэд, олон нийт их шүүмжилж байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд одоогийн эрх баригчид юу хийж байна вэ?

-Агаарын бохирдлын асуудлыг анхаарч байгаа. Бид өчигдөр (уржигдар) ярьж, Зурагт орчимд сайжруулсан түлшний туршилт хийе гэсэн. Сайжруулсан түлш ашигласнаар утаа багасвал гэр хорооллын бүх айлд тарааж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжид хамгийн их утаатай газрыг сонгож, турших гэж байна. Бусад арга нь тодорхой үр дүнгүй л гэж харагдаж байна.

-Сайжруулсан түлшийг өмнө нь туршиж үзээгүй юм уу. Өдрөөс өдөрт утаа бүр л ихсэж байна шүү дээ?

-Энэ жил төлөвлөснийхөө дагуу сайжруулсан түлшний хоёр үйлдвэр барьсан. Мөн сайжруулсан түлш үйлдвэрлэдэг хувийн компаниудад нэлээд дэмжлэг үзүүлсэн. Одоо сайжруулсан түлш нь үнэхээр утаа гаргахгүй байна уу, үгүй юү гэдгийг хянах хэрэгтэй. Бидний ойлгосноор Тавантолгойн коксжсон нүүрсний жижиг хэсгийг нь сайжруулсан түлш болгох боломжтой. Өмнө нь Багануур, Налайх, Шарын голоос нүүрс авч сайжруулсан түлш үйлдвэрлэж байсан нь үр дүнгээ өгөөгүй гэж ойлгож байгаа.

-Хэзээ туршилтаа эхлүүлж, айлуудыг сайжруулсан түлшээр хангах юм бол?

-Ойрын хугацаанд сайжруулсан түлшээ өгч эхэлнэ гэсэн. Тухайн бүсэд түүхий нүүрс түлүүлэхгүй. Зөвхөн сайжруулсан түлш худалдаалах юм билээ.

-Сайжруулсан түлш нь түүхий нүүрснээс хямд өртөгтэй байж чадах уу. Магадгүй иргэд арай хямд үнэтэйг нь худалдаж авахыг хүсэх байх?

-Сайжруулсан түлш нь түүхий нүүрсний үнээс хямд байхаар тооцсон байсан. Харин зөрүү мөнгийг нь улсаас татаас хэлбэрээр өгнө.

Зураг