Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Германы дараагийн канцлерь болох “Меркель 2.0” тодорлоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Германы канцлерь Ангела Меркелийн үнэнч хамтрагч, заримдаа “мини Меркель” гэж хочлогддог Аннегрет Крамп-Карренбауэр өчигдөр болсон санал хураалтаар эрх баригч Христийн Ардчилсан Намын дарга боллоо.

АКК гэж нэрийг нь товчилдог энэ эмэгтэй нам дотрох гол өрсөлдөгч Фридрих Мерцтэй өрсөлдөж, 999 саналын 517-г нь авч чаджээ.

Канцлерь болвол Меркелийн бодлогыг эрс өөрчилнө гэж амлаж байсан Мерц 482 санал авсан байна.

Гэхдээ АКК өөрийгөө Меркелийн үйл хэрэг, бодлогыг шууд үргэлжлүүлэгч байхгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт Welt сонинд ярьсан юм.

“Би Ангела Меркельтэй олон зүйл дээр санаа нийлдэг, биднийг олон зүйл холбож байдаг. Гэхдээ хэд хэдэн асуудлаар бид санал зөрөлддөг” гэж ярьсан АКК одоогийн канцлерийг цагаачлалын асуудлаар тогтвортой бодлогогүй гэж шүүмжилж байв.

Христийн Ардчилсан Нам одоо Германы олон нийтийн дэмжлэгийг алдаж эхлээд байгаа тул Крамп-Карренбауэрыг хүнд сорилт хүлээж байна.

Меркелийн оргил үед тус нам сонгуулиар 40 хувийн санал авдаг байсан бол одоо энэ хэмжээ 30 хувь орчимд унаад байгаа.

Ангела Меркель өнгөрсөн аравдугаар сард Христийн Ардчилсан Намын даргын өрсөлдөөнд дахин нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, Германы улс төрийн амьдралд дуулиан тарьсан юм.

Харин өчигдөр түүнийг намын даргын хувиар сүүлчийн үгээ хэлсний дараа хамтран зүтгэгчид нь 10 минут шахуу хугацаанд үргэлжилсэн урт алга ташилтаар үджээ.

Ангела Меркель 2005 онд Германы анхны эмэгтэй канцлерь болж байсан бол одоо тэр 2021 он хүртэл канцлерийн албыг хашсаны дараа улс төрөөс зодог тайлах юм.

 

Эх сурвалж: AFP