Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эртэч нэгэн болсноор голч дүн нэмэгдэнэ

ikon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

-“Өглөөний гайхамшиг оюутан” намайг өөрчилсөн-

Өглөө эрт сэрж чадахгүй байна уу. Энэ бүхэн заримдаа ядаргаатай, там мэт санагдаж байна уу. Эсвэл сэрсэн даруйдаа босчих сэтгэлийн тэнхээ дутаж байна уу. Ер нь өглөө эрт босох гэж “иргэний дайн”-ы шахуу юм болж байна уу. Үр дүнд нь тавтай уусан өглөөний цай ч үгүй, яарсан, сандарсан хүн ажил болон сургуулийнхаа зүг санд мэнд гарч байна уу. Заримдаа өглөө унтсанаасаа болоод эхний цагаасаа хоцорч, багшийн хараанд өртөөд байна уу.

Өглөөг ингэж тэвдэж, сандарч угтсанаар бүх л өдөржин уур уцаартай, сэтгэлийн дарамттай явахад хүргэдэг. Эндээс л санаа зовнил бий болж, урам зориг, өнөө хийж бүтээх гэсэн ирмүүн чин хүсэл эрмэлзэл унтарч, бөхдөг. Тэгвэл энэ унтаа, уруу байдлаа засах өөрчлөлт хийхэд бэлэн үү. Бид амьдралдаа эзэн болохыг хүсдэг ч гэрийн даалгавраа хийхээс залхуурч, бие даалтаа өөрөөсөө хүртэл түлхдэг. Тэгээд цаг хугацаа нь дөхөөд ирэхээр “Ухаарлын долоо хоног” эхэлчихлээ гэж учир зүггүй самгарддаг. Аль эрт хийчих боломж, цаг хугацаа нь байсан атал алгуурлаж явсаар энэ хүрдэг. Манай оюутнуудын дунд түгээмэл нийтлэг үзэгдлийн нэг нь энэ. Хоёр дахь нь, хичээл таслалт. Тэдний дийлэнх нь эхний цагаа “бялах” нь зуршил мэт тогтжээ.

Өглөөг хэрхэн эхлүүлэх нь тухайн өдрийн өнгийг тодорхойлдог. Иймээс өдрийг зорилготой, сахилга баттай, урам зоригтой эхлүүлэх нь хамаг л амжилтын эх үндэс нь болж байна. Хичээлээ тасалсан оюутнуудын ихэнх нь тухайн өдрийг дарамттай эхлүүлдэг гэвэл хилсдэхгүй байх. Учир нь юу гэвэл тэдний олонх нь сэрүүлгээ байнга хойшлуулж, шөнийн амьдралтай болсон нь өглөөг зүдэргээтэй угтахад хүргэдэг байна. Эндээс л эхний цагаа таслах, улмаар сурлагын амжилт уруудах ээлжит шалтгаан урган гараад буй юм.

Оюутнуудын дунд өөрсдийгөө эртэч нэгэн биш гэдэгт эвлэрсэн, энэ байдалдаа итгэдэг төдийгүй залхуурах хандлага эртнээс хэвшсэн нь нийтлэг байна. Хичээлдээ хэрхэн хандахаас ирээдүйн ажил, амьдралдаа бас хариуцлагатай, сахилга баттай байх эсэх нь мөн шалтгаална. Хамгийн наад зах нь цаг барих. Энэ болгоныг өөрийн амьдралаар давтах бус, өөрчлөлтийг өөрөөсөө оюутан хүн бүр эхлүүлэх шаардлага өнөө цагт асар их байна.

 

Өглөө бүхний шийдэл нь байдаг. Тиймээс өглөөг эхлүүлэх сэтгэлгээгээ өөрсдөө халж, “Ухаарлын долоо хоног”-т баяртай гэж хэлэх цаг болжээ. Үүнд туслах, эртэч нэгэн болоход тань бодитой өөрчлөлт үзүүлэх “Өглөөний гайхамшиг оюутан” гээд ном манайд орчуулагдан гарсан. Оюутантай айл болгонд үдэш бүр гардаг яриа бол хичээлээ хийсэн үү, эрт босоорой, хичээлээ сайн хийгээрэй, унааны мөнгө байгаа юу, эсвэл мөнгө их үрлээ гэсэн ээжийн голдуу үг ирдэг.

Испани улсын University of Barcelona сургуулийн судлаачид үүр шөнөөр босдог эртэч шувуу мэт хүмүүсийг шөнө дөлөөр шар шувуу мэт сууж, үд болтол унтдаг хүмүүстэй харьцуулсан судалгаа хийж, хэд хэдэн ялгааг олж илрүүлжээ. Үүнд эртэч хүмүүс ядаргаа, сэтгэл цөхрөл болон аливаа бэрхшээлд илүү тэсвэр хатуужилтай болох нь батлагджээ. Өөрөөр хэлбэл, эрт босдог нэгэн дарамт багатай, сэтгэл гутралд орох магадлал бага, сэтгэл ханамж өндөр байдаг гэсэн үг.

Эртэч нэгэн болсноор голч дүнгийн үзүүлэлт хүртэл нэмэгдэнэ гэвэл итгэж байна уу. The University of North Texas “Эртэч байх нь оюутнуудын дүнд нөлөөлдөг эсэх нь” гэсэн 2008 онд хийсэн судалгаагаар өөрсдийгөө “эртэч шувуу” хэмээх оюутнуудын голч дүн “шөнийн шар шувуу” гэгдэх оюутнуудынхаас бүхэл оноогоор илүү болох нь нотлогдсон байна

Эрт сэрэхийн гайхамшиг үргэлжилсээр. Эртэч нэгэн болсноор та илүү идэвх санаачилгатай, бүтээмжтэй болно. Үүнийг өөр нэгэн баримт мөн илтгэнэ.

University of Education in Heidelberg-ийн профессор Кристофер Рандлер “Харвардын бизнесийн тойм” сэтгүүлд тавьсан нийтлэлдээ “Өглөөгүүр гүйцэтгэл нь оргилдоо хүрдэг хүмүүс ажилдаа амжилт гаргах нь илүүтэй байдаг. Учир нь тэд орой сайн гүйцэтгэлтэй байдаг хүмүүсээс илүү идэвх санаачилгатай байдаг” гэж дурджээ. Рандлер өглөө эрт босдог хүмүүст бүхий л чухал давуу талууд байдаг хэмээн дүгнэсэн байна. Тэрээр “Тухайн хүмүүс аливаа бэрхшээлийг урьдчилан тааварлаж, зөөлрүүлж чаддаг төдийгүй ажил мэргэжилдээ илүү амжилт гаргаж, өндөр цалин  авдаг” гэсэн байна. Тэрчлэн эртэч хүмүүс аливаа асуудлыг урьдчилан харж, хялбар байдлаар шийдвэрлэж чаддаг гэжээ.

Дэлхийд танигдсан энтрепренер Робин Шарма “Хэрвээ та энэ дэлхийн хамгийн бүтээмжтэй хүмүүсийг судлах аваас тэдэнд нэг нийтлэг зүйл байдгийг олж илрүүлнэ. Юу гэвээс тэд бүгдээрээ эртэч хүмүүс юм” гэсэн байдаг. Эртэч байна гэдэг төрөлхийн бус,  олдмол чадвар. Тэгэхээр оюутнуудын хувьд “Би угийн нойр ихтэй” гэсэн бодлоо орхиж, нойрыг сэрж бардаг гэдгийг эргэж нухацтай бодоорой. Хэдэн жилийн дараа илүү сайн нөхцөлтэй ажилтай болмоор байна уу, эсвэл гадаадын томоохон их, дээд сургуульд мастерт суралцах талаар бодож байгаа юу. Тэгвэл “Өглөөний гайхамшиг оюутан”-тай нөхөрлөөрэй.

 

Б.Мөнх-Эрдэнэ