Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

"ЖДҮ-чин" гишүүд авсан зээлээ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ хөтөлбөр зэрэгтэй харьцуулан "ЧАМЛАВ"

Г.Номин, iKon.mn
2018 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ өнгөрсөн Баасан гарагт хуралдаж, гишүүдийн 54.8 хувийн саналаар Засгийн газрыг авч үлдсэн билээ.

Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн 33 гишүүний тав нь буюу Н.Оюундарь, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Б.Ундармаа, Б.Наранхүү нарын хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан нь баримтаар нотлогдсон. Эдгээр таван гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон ч үг хэлсэнгүй.

Харин ЖДҮХС-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан Н.Учрал, Я.Содбаатар, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тэдний хувьд ЖДҮХС-гаас авсан зээл нь бусад гишүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр, бондоос авсан зээлтэй харьцуулахад "өчүүхэн" хэмээгээд хууль хяналтын байгууллагаас хэргийг шалгаж байхад улстөрчид урьтаад өөрсдийг нь буруутгаж байна гэсэн юм.

Гишүүдийн байр суурь:
mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Учрал "Сангуудын үйл ажиллагааг шалгаад явж байгаад баяртай байна. Ариун цагаан хөдөлмөрөөрөө бизнес хийгээд баялаг бүтээж байгаа хүмүүсийг харлуулахгүй байхыг хүсэж байна. Учрал аавдаа зээл хөөцөлдөөд л явж байна гэж юу байх вэ дээ. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Тойрогтоо очоод ажиллаж байхад иргэдэд шударга ёсны хүсэмжлэл байна. Нийгэмд улстөрчдийг үзэн ядах хандлага байна. Ах нараа одоо жаахан ухаантай, эв нэгдэлтэй байцгаая аа" гэлээ. Өөрөөр хэлбэл түүнд ямар ч буруу байхгүй мэтээр тэр аашилж байна. 

Гэрэл зургийг mpa.mn

УИХ, Засгийн газрын гишүүн Я.Содбаатар "Би 20 жил төрд явахдаа хээл хахууль авч, уул ус ухаж яваагүй. Энэ 76 дотор үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс, бондоос зээлтэй хүмүүс байгаа. Бүгдээрээ зээлээ төлцгөө. Худлаа шударгын дүрд тоглоод байх юм. Хамгийн их зээлтэй хүмүүс хамгийн чанга дуугарч байна" гэх нь тэрбээр одоо хүртэл өөрийгөө буруугүй мэтээр ойлгосоор явааг илтгэнэ. Үнэндээ түүний ЖДҮХС-гаас авсан зээлээрээ барьсан эмнэлэг нь өндөр үнэ төлбөртэйг УИХ-ын гишүүн М.Билэгт онцолж байлаа.

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "ЖДҮ-ийн зээлээр дамжуулж Монголын улс төр дэх бэтэг хагарч байна гэж бий ойлгож байна. Би баяртай байна. Тэр хатиг, бэтэгний зөвхөн шүүс нь ЖДҮ-гийн асуудал гэхэд хилсдэхгүй. Зөвхөн энд сууж байгаа нэг гишүүний үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс авсан хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нийт яригдаж байгаа ЖДҮ-ийн үнийн дүнгээс илүү. Дээрээс нь ХОТШ банкнаас олон арван тэрбумаар нь авчихаад зүй бусаар ашигласан байдал, Эрдэнэтийн луйвар, Дубайн гэрээ буюу зууны луйвар энэ бүгд бол Монголын гамшиг. Энэ бүхний цаана хатиг, бэтэгний цөм нь нуугдаж байгаа" гэв. Түүний ЖДҮХС-гаас авсан 950 сая төгрөг бол зөвхөн "шүүс" болж таарлаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Сүүлийн хэдэн сар ард түмнийг бужигнуулсан үйл явцад нийт ард түмнээрээ оролцлоо. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудал дээр улстөрчид хэрэг бүртгээд, нэг хэсэг нь прокурорын үүрэг гүйцэтгэж яллаад, зарим нь шүүхийн өмнөөс шийдвэр гаргах гээд яриад сууж байгаа нь ажиглагдлаа. Хуулийн байгууллагууд шалгаж байна гэдгээ хангалттай хэлсэн. Битгий улс төрийн үйл явцдаа хуулийн байгууллагуудыг татан оролцуулаад бай гэдгээ ч  илэрхийлж байгаа.

Өнөөдөр хурал даргалж байгаа Энх-Амгалан дарга маань хэд хэдэн алдаатай үг хэллээ. Тухайлбал, гэмт хэрэг үйлдсэн гэлээ. Ингэж болохгүй" гэж тэрбээр мэдэгдэв. Мөн чуулганы танхимд үхэр шиг аашилсан нь түүнийг өөрийн эрхэлдэг бизнесийн онцлогоосоо болсон байх гэж шоолох хүмүүс байна

Энэ бүгдээс харахад гишүүд буруугаа огт ухаарахгүй харин ч зөвтгөх хандлагатай байгаа нь харагдана. Угтаа нэгэнт ийм илэрхий баримттай хэргүүдийг нэг тийш болгож чадахгүй бол хэчнээн шударга ёс гэж лоозогноод юу хийх вэ дээ?!