Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Архивын 3-4 төрлийн лавлагааг онлайнаар захиалах боломжтой

Г.Номин, iKon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Архивын Ерөнхий Газрын Лавлагаа үйлчилгээний төвийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус төв Архивын Ерөнхий Газрын байрны нэгдүгээр давхарт буюу Хан-Уул дүүргийн 10-р хороонд /"Буянт-Ухаа 2" хорооллын урд/ байрлаж байна.

Архивын лавлагааны хариу 2-5 хоногт гардаг

Лавлагаа үйлчилгээний төв нь архивын лавлагаа, мэдээллийн цогц үйлчилгээг нэг дороос иргэдэд үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний танхимтай бөгөөд иргэд мэдрэгчтэй дэлгэцээс Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй хөмрөгч үүсгэгч байгууллагын жагсаалтыг үзэх боломжтой аж.

Мөн 1800-1205 буюу Архивын лавлах утасны оператор тус төвд байрлан ажиллах юм байна. Архивын лавлах утаснаас лавлагаа, үйлчилгээний төрөл, төрийн болон төрөлжсөн архивуудад хадгалагдаж буй баримтын жагсаалт зэрэг архивын холбогдолтой мэдээллийг шуурхай авах нь.

Иргэд архивын лавлагааг биечлэн очиж авч болохоос гадна тус газрын www.archives.gov.mn вэб сайтаар орж онлайнаар захиалж авах боломж бүрджээ. Тухайлбал, ажилд томилж, чөлөөлсөн шийдвэр, цалингийн тодорхойлолт, хүн амын тооллогын баримтын лавлагаа зэргийг онлайнаар захиалах боломжтой. Лавлагаагаа захиалах, ингээд хариугаа 2-5 хоногийн дараа очиж авах гээд иргэд хоёр удаа явдаг байсан бол онлайнаар захиалсаар нэг удаа явах болж байна.

Архивын Ерөнхий Газраас иргэд, олон нийтэд үзүүлдэг гол үйлчилгээний нэг нь архивын лавлагаа бөгөөд жилд дунджаар 1,000 гаруй албан байгууллага, 2,300 гаруй иргэдийн хүсэлт, захиалгыг хүлээн авч архивын лавлагаа олгодог байна.

"Өдөрт дунджаар 40-50 иргэн тогтмол лавлагаа мэдээлэл авахаар манайд ханддаг. Иргэдийн дийлэнх нь тэтгэвэр, тэтгэмж тогтоолгохтой холбоотой асуудлаар лавлагаа авдаг. Лавлагаа үйлчилгээний төв ажлын өдрийн 08:30-17:00 цагт цайны цагийн завсарлагагүй иргэдэд үйлчилнэ" хэмээн Лавлагаа үйлчилгээний төвийн эрхлэгч С.Шижирбаатар хэллээ.

Г.Билгүүн: 2019 онд архивын байгууллагад 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

“Лавлагаа үйлчилгээний төв”-ийн нээлтийн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн оролцсон юм.

Тэрбээр "БНСУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газар хооронд хөнгөлөлтэй зээлийн хэлэлцээр байгуулж, зээлийн хөрөнгөөр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа. Тэдгээрийн нэг нь Архивын байгууллагын техник технологийг шинэчлэх төсөл юм. Төслийн нийт өртөг 19 сая ам.доллар. Төслийн ТЭЗҮ хийгдээд дууссан бөгөөд ХЗДХ-ийн яам АЕГ дээр ТЭЗҮ-гээ хянаж байгаа. Солонгосын талтай 2019 оны эхний улиралд багтаан зээлийн тусгайлсан хэлэлцээрт гарын үсэг зурахаар тохиролцоод байна.

Архивын салбарт сүүлийн 20-иод жилд тун бага хөрөнгө оруулалт хийгдсэн. 2016 онд шинэ байр ашиглалтад орж, 2017 онд  архидын зориулалттай шүүгээг сольсноос өөрөөр шинэчлэл хийгдээгүй. Хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төсөл бараг таван жил яриагдаад, одоо билэлээ олох гэж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр архивын байгууллага орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдана. Дээрээс нь архивын байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг хөнгөн, шуурхай болгох, цахим хэлбэрт шилжүүлэхэд зориулсан хоёр программ хангамж хийгдэнэ" хэмээн ярилаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр Лавлагаа үйлчилгээний төвийн нээлтээс гадна АЕГ-ын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ хүрээнд 14:00 цаг хүртэл доорх үйлчилгээнүүдийг үнэ төлбөргүй үзүүлэх аж.

  • Цахим мэдээллийн санд орсон 50 гаруй байгууллага болон 1933, 1944, 1956, 1989, 2000 оны хүн амын тооллогын лавлагааг үнэ төлбөргүй олгох,
  • Цахимд ороогүй архивын баримтын лавлагааны захиалгыг хүлээн авч ажлын 2-5 хоногт багтаан үнэ төлбөргүй олгох,
  • Иргэд ихэвчлэн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар архивын лавлагаа авдаг тул өнөөдрийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс холбогдох ажилтан зөвлөгөө, мэдээлэл өгөх
  • Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэргэжил арга зүйн, зөвлөгөө, ном товхимолын худалдааг зохион байгуулж байна.

Мөн Дэлхийн дуу, дүрсний өвийн өдрийг тохиолдуулан “Мандухай сэцэн хатан” МУСК дэлгэцнээ гарч үзэгч олны хүртээл болсны 30 жилийн ойг тохиолдуулан 2018 оны 10 дугаар сарын 26-нд нээлтээ хийж байсан архивын баримт, гэрэл зураг, 53 биет үзмэрийг багтаасан үзэсгэлэн болон тухайн киног бүтээхэд хийсэн богино хэмжээний киног үзүүллээ.