Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд нүүрсний УРТЫН УРТ тээврийг цуцаллаа

ikon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хурал өнөөдөр /2018.11.28/ 08:00 цагт эхэлж 20 гаруй асуудал хэлэлцэхээр хуралдаж байна. 

Хамгийн түрүүнд нүүрсний тээврийн асуудлыг хэлэлцэн Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээврийг цуцалж, урт, богино болгох шийдвэр гаргалаа. 

Ингэснээр 137 км урт дараалалд буй жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдэд буулгаад буцна. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног зогсох явдал арилна гэж үзжээ.

Мөн Ерөнхий сайд нүүрс тээврийн 160 компанид жолооч нарын цалинг нэмэгдүүлэхийг уламжилж байна.

ЗТХ-ийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өгч, төмөр зам, авто замаа яаравчлуулах, жолооч нарт зориулсан 2,500 машин зогсох, амрах өрөөтэй цогцолборыг яаравчлуулах, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах арга хэмжээг авахаар боллоо.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6,781 тээврийн хэрэгсэл байна. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгсэлтэйгээ нийлээд нийт 13,079 тээврийн хэрэгсэл тээвэр хийж байна. 13,000 жолооч хүнд нөхцөлд төсвийн орлого бүрдүүлэхэд голлох үүрэгтэй ажиллаж байна.

Засгийн газрын хуралдаанаар баруун аймгуудад учирсан гамшгийн хохиролд хөрөнгө гаргах тухай, Оюутолгойн цахилгаан хангамжийн асуудлуудыг хэлэлцэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.