Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон “Их түмэн санаачилга” төслүүд хамтран арваннэгдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд “Монгол Улсын аялал жуулчлалын маркетинг” сэдэвт хурлыг зохион байгуулж байна.
Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд аялал жуулчлал салбар эрчимтэй хөгжиж, Дэлхийн нийт бүтээгдэхүүний 10 хувь, экспортын 7 хувь /1.4 их наяд ам.доллар/, үйлчилгээний экспортын 30 хувийг тус тус бүрдүүлж, ажил эрхэлж буй 10 хүн тутмын 1 нь тус салбарт ажлын байраар хангагдаж /313 сая/, мөн шинээр бий болж буй 5 ажлын байр тумын нэг нь аялал жуулчлалын салбарт бий болж байна. Ази,номхон далайн бүс нутгийн ДНБ-ий 9.8 хувийг /2.7 их наяд ам.доллар/, нийт ажлын байрны 9.3 хувийг /176,7 сая/ тус тус аялал жуулчлалын салбар бүрдүүлж буй.
Түүнчлэн 2017 онд олон улсад 1.3 тэрбум жуулчин аялж, тэдгээрээс 1.4 их наяд ам.долларыг зарцуулсан бөгөөд үүнээс 323 сая жуулчин Ази, номхон далайн орнуудад аялж, 390 орчим тэрбум ам.долларыг зарцуулжээ. Цаашид 2030 он гэхэд олон улсын аялагчдын тоо 1.8 тэрбумд хүрэх бөгөөд үүнээс хамгийн өндөр өсөлтийг Ази, Номхон далайн орнуудыг зорих жуулчдын тоо эзлэх төлөвтэй байна.
Монгол Улсын Засгийн газраас “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх замаар “Аялал жуулчлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх, улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Дээрх зорилтод хүрэхийн тулд Аялал жуулчлалын салбарын гадаад сурталчилгаа маркетингийн ажлуудыг олон улсын шилдэг туршлагад үндэслэн оновчтой арга барил, стратегийн хүрээнд зохион байгуулах шаардлага тулгарч байгааг үндэслэн, дээрх байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Төв Азийн орнуудаас Монгол Улс анхлан Аялал жуулчлалын цахим, сурталчилгаа маркетингийн нэгдсэн платформ байгуулах ажлыг дэлхийд тэргүүлэгч Chameleon Strategies компанитай, “цахим аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх ажлыг Amadeus IT Group-тэй тус тус хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү хуралд олон улсын туршлага судлах, дотоодын нөхцөл байдлыг дүгнэх, дээрх хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэхээр БОАЖЯ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Их түмэн санаачилга” төслийн урилгаар Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн аялал жуучлалын газар, МИАТ ТӨХК болон аялал жуулчаллын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүд, төрийн бус байгууллагууд оролцож байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!