Эртний Помпей хотоос унтлагын өрөөний ханын эротик зураг олджээ
Италийн археологичид эрт цагт Везуви галт уулын үнсэнд булагдсан Помпей хотын тууринаас унтлагын өрөөний ханын эротик зураг олжээ.
Эртний Грекийн домогоос сэдэвлэсэн уг зурагт Спартын домогт хатан Леда хун шувууны дүрд хувилсан Юпитер бурхантай дотносож байгааг харуулсан байна.
Өнөөдрийн Неаполь хотын ойролцоо Нийтийн Тооллын 79 онд Везуви галт уулын дэлбэрэлтэд өртөж, үнс нурманд булагдсан Помпей хотын туурь оршдог. Энэ хотын байшин барилгуудын унтлагын өрөөг Леда хатны дүрээр чимэглэсэн тохиолдол элбэг байдаг.
Гэхдээ энэ удаагийн олдвор нь зохиомж болон урлаг талаасаа онцгой болохыг Помпейн археологийн хүрээлэнгийн захирал Массимо Осанна хэлж байна.
Унтлагын өрөөнд орж ирсэн хүн бүрийг Леда хатан тачаангуй харцаар угтдаг байхаар зургийг бүтээжээ. Хатны өвөр дээр хун шувууны дүрд хувилсан Юпитер (грекээр Зевс) бурхан сууж байгаа юм. Леда хатан хун шувууг хормойгоороо халхлан хамгаалж байгаагаар дүрсэлжээ.
Өнгө будаг нь тод хэвээр байгаа энэ зургийг өнгөрсөн Баасан гарагт явуулсан малтлагын үеэр илрүүлсэн байна. Эртний Грекийн домогт өгүүлснээр Леда хатан Юпитер болон Спартын үхлийн хаан гэгддэг бурхдаас дараалан жирэмсэлж, хүүхэдтэй болсон гэдэг. Тэдний хүүхдүүд нь Тройн үзэсгэлэнт Элена, ихэр ах дүүс болох Кастор, Полукс нар юм.
Унтлагын өрөөний эзэн нь Помпейн баян худалдаачин байсан гэж Осанна үзэж байна. Барилгыг бүхэлд нь ухаж гаргавал нурах аюултай тул хагас ил гаргасан байдалтай үлдээж, жуулчдын үзмэр болгохоор төлөвлөжээ.
Эртний Помпейн туурь балгас Италийн аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг болдог юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
