Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Төлбөрийн картуудыг шинэчилснээр гар утсаараа төлбөр, тооцоо хийх боломж бүрдэнэ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Үндэсний төлбөрийн системийн тухай хууль цахим мөнгө гаргах боломжийг нээсэн бөгөөд Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийг Монголбанк байгуулсан билээ.

Тус зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр боллоо. Хуралд Санхүүгийн зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Төлбөр тооцоонд оролцдог ББСБ, үнэт цаасны төлбөр тооцоонд оролцдог үндэсний төлбөр тооцооны төв зэрэг байгууллагууд оролцож тус зөвлөлийн дүрэм, төлбөрийн системийн талаар төв банкнаас баримталж байгаа бодлого зохицуулалт болон хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн талаар хэлэлцлээ.

 

Монголбанк ирэх онд төлбөрийн системийг шинэчлэх төсөл хэрэгжүүлэх нь. “Системийг шинэчилснээр банк хоорондын гүйлгээ хийхэд ашиглаж буй төлбөр тооцооны одоогийн системийг шинэчилж, хэрэглэгчдэд үзүүлж буй гүйлгээний тоо, төрлийг нэмэх, шуурхай, тасралтгүй, найдвартай болох олон улсын жишигт нийцсэн технологи, дэд бүтцийг нэвтрүүлнэ” хэмээн Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар ярилаа. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад дөрвөн сая ширхэг төлбөрийн карт ашиглагддаг бөгөөд үүнээс 2.7 сая нь T card буюу дотооддоо хэрэглэдэг төлбөрийн карт байна. Эдгээр картыг дээрх шинэчлэлийн хүрээнд ирэх онд бүгдийг нь чипжүүлэх аж. Ингэснээр төлбөрийн аюулгүй байдал сайжирна хэмээн үзэж байна. Мөн чипийг гар утсанд холбосноор иргэд утсаараа бүх төлбөр тооцоог хийх өргөн боломжтой болох юм байна. 

Үндэсний төлбөрийн системийн хуулийн дагуу төлбөрийн системд зөвхөн банкууд оролцож байсан бол өдгөө Монголбанкнаас зөвшөөрөл авсан финтек компаниуд болон ББСБ оролцох болсны дагуу дүрэм, журамд өөрчлөлт оржээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

“Цахим мөнгөний нөхцөлүүдийг хангаж, зөвшөөрөл авсан нь одоогоор Candy л байна. Үүнтэй адилхан цахим мөнгөний шинжийг агуулсан хэрэгслүүд олон байгаа. Эдгээр нь бүгд цахим мөнгө болох талаар Монголбанкинд хүсэлт гаргаад, бид хянаад явж байна. Өнөөдрийн байдлаар дараагийн цахим мөнгөний талаар шийдвэр хараахан гараагүй байгаа” хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярилаа.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 

5.1.25-д “цахим мөнгө” гэж Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгсэл бөгөөд 35.2.2-тмөнгөн хөрөнгөөр баталгаажсан байх тухай заажээ. 

Энгийнээр хэлбэл цахим мөнгө нь төгрөгтэй 1:1 харьцаатай байх бөгөөд цахим мөнгө гаргагч байгууллага гаргасан цахим мөнгөтэй дүйх хэмжээний төгрөгийг баталгааны дансанд байршуулсан байх ёстой. Уг баталгааны данс нь Монголбанкан дээр байрших, ББСБ-уудын баталгааны данс арилжааны банканд байршсан байна гэсэн гол шаардлагыг хангах ёстой аж.

“Энэхүү шинэ хуулийн хүрээнд өмнө нь байсан зохицуулалт хамаагүй сайжирсан. Шинэ хууль, журамтай болсноор илүү ойлгомжтой болсон” хэмээн Б.Лхагвасүрэн онцоллоо.