Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ганболд: Миний бие ЖДҮХС-гаас зээл аваагүй болохыг баталж байна

ikon.mn
2018 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

“УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өөрийн хамаарал бүхий хоёр компаниар дамжуулан ЖДҮС-гаас нийт 1.65 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд үүнийг Г.Ганболдын эзэмшдэг “Дархан Эрдэнэ Мах комбинат” ХХК-д 900 сая төгрөг авч өгсөн” хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд цацагдсан. Энэ талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Г.Ганболдоос тайлбар тодруулга авлаа. 

-ЖДҮС-гаас “Дархан Эрдэнэ Мах комбинат” ХХК 900 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ хэр бодит мэдээлэл вэ? 

-Энэ мэдээлэл ор үндэслэлгүй, худал ташаа гүтгэлэг. Миний зүгээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус компанийн талаарх мэдээлэл ирүүлэхийг хүссэн. Хүсэлтийн дагуу өчигдөр хариу ирсэн бөгөөд “Дархан Эрдэнэ Мах комбинат” ХХК надтай огт хамааралгүй болохыг баталсан албан бичиг өгсөн. Энэ компанийн үүсгэн байгуулагч, удирдлагаар Ийчээгийн Ганболд гэдэг надтай нэр нэгтэй хүн бүртгэлтэй байна. Овог өөр, ижил нэртэй хүн энэ компанийг эзэмшиж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр миний бие тус компаниар ЖДҮХС-гаас ямар ч зээл аваагүй болохыг баталж буй юм. 

-Тэгэхээр огт ор үндэслэлгүй, худал ташаа мэдээллийг зарим сайт, цахимаар цацсан гэж ойлгох болох уу?

-Тийм ээ, олон нийтийн цахим сүлжээг ашиглан зориуд худал ташаа мэдээллийг улс төрийн зорилгоор түгээж байна. Тэр дундаа уншигчдын хувьд тэнцвэртэй, үнэн бодит мэдээлэл түгээдэг хэмээн хүндлэл хүлээсэн news.mn, medee.mn зэрэг сайтаар ийм мэдээлэл цацагдсанд харамсаж байна.

Гэхдээ үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээж, залруулах байх гэдэгт итгэлтэй байна. Миний бие Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлстээс ирсэн албан бичгийг дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хүргүүлж, залруулга гаргахыг хүснэ.

 

 

Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.