Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

ikon.mn
2018 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны гүйцэтгэлээр 3.7 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий үйлдвэрлэлд 10.6 хувь, ХАА-н үйлдвэрлэлд 87 хувь, нийт экспортын орлогод 8.4 хувийг тус тус эзэлж, нийт ажиллах хүчний 30 хувь тус салбарт ажиллаж байна. Гэвч дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, хөрсний доройтол, бэлчээрийн хомсдол зэрэг нь нөөцийн хязгаарлагдмал байдлыг үүсгэж байна. Тиймээс мал аж ахуйн үйлдвэрлэлийг явуулах арга барилд өөрчлөлт оруулан, боловсронгуй болгох эрэлт хэрэгцээ, шаардлага бий боллоо.

Манай улс 1950-иад оноос хойш мах, сүүний хосолмол ашиг шимт үүлдрийн үхэр, сүүний ямаа, мах, ноосны хонь болон гахай, шувууг гадаад орноос авчирч, өсгөн үржүүлж байна. Гэсэн хэдий ч тухайн чиглэлийн мал, амьтны онцлогоос хамаарч, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл, технологи харилцан адилгүй түвшинд хөгжиж иржээ. Ихэнх улс орон сүүний чиглэлийн нэг үнээнээс жилд дунджаар 5,500-9,500 литр сүү сааж, махны чиглэлийн 12-18 сарын настай өсвөр үхрээс дунджаар 320 кг, хониноос дунджаар 35 кг мах авдаг бол манай улс жилд дунджаар монгол үхрээс 800 литр, эрлийз үхрээс 2,200 литр сүү, үхрээс 180 кг, хониноос 18 кг мах авч байна.

Малын тоо өсөж, 66.2 сая толгойд хүрсэн ч дотооддоо үйлдвэрлэх боломжтой малын гаралтай зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг импортоор авч, гадаад зах зээлд их хэмжээний валют урсгасаар байгаа юм. Тухайлбал, гаалийн 2016 оны мэдээгээр манай улс малын гаралтай 18 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 34.1 сая ам доллараар, 5 нэр төрлийн малын тэжээлийг 7 сая ам доллараар, нийт 41.1 сая ам доллар буюу 98.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг импортоор авсан байна. Энэхүү үзүүлэлт 2017 оны байдлаар  63.9 сая ам доллар буюу 159.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 1.6 дахин өсчээ.

Дээрх төлөв байдлын тоймоос дүгнэхэд мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашиг бага, нэг малаас авах түүхий эд, бүтээгдэхүүний гарц, малын тэжээлийн хангамж, хүртээмж хангалтгүй, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн ашиг, орлого доогуур, алдагдалтай байгаа учраас ихэнх аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсооход хүрч байна.

Цаашид мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, бүтээмж, үр ашиг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортыг үе шаттай бууруулах, хот суурин орчимд болон тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын санал санаачилгыг дэмжих, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, иргэдийн амьжиргаа, эдийн засгийн үр өгөөжийг өсгөх зорилгоор "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас боловсруулаад байна.

2019-2023 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилгыг биелүүлэх хүрээнд үндсэн долоон зорилт дэвшүүлж байгаа юм. Тухайлбал, эрчимжсэн аж ахуйн үйл ажиллагааг төрөлжүүлж, кластер, ложистикийн сүлжээний үйлчилгээг хөгжүүлэн, мал, амьтны гаралтай зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг бууруулах, экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалахыг зорьж байна.

Мөн гойд ашиг шимт үржлийн мал, амьтны тоог нэмэгдүүлж, хот суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээний сүү, мах, өндөг, зөгийн бал болон бусад түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг сайжруулан, эрчимжсэн аж ахуйд техник, технологийн шинэчлэл, сайжруулалтыг үе шаттай хэрэгжүүлж,  бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх юм. Түүнчлэн боловсруулах үйлдвэрт нийлүүлэх мах, сүүний улирлын хамаарлыг бууруулах, аюулгүй байдлыг бүртгэлээр баталгаажуулах, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн санаачилга, хөрөнгө оруулалтыг урт хугацааны хөнгөлөлттэй зээл, татварын бодлогоор дэмжинэ.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:

  • Нийслэл, аймгийн төв орчим болон тариалангийн бүс нутагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, эрчимжсэн цогцолбор аж ахуйн кластер, ложистикийн сүлжээний загварыг мэргэжлийн холбоодоор дамжуулан хөгжүүлнэ;
  • Нийт мал сүрэгт өндөр ашиг шимт мал, амьтны эзлэх хувийг 4 хувьд хүргэж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд заасан шалгуур үзүүлэлтийн биелэлтийг хангана;
  • Хот суурин газрын хүн амын сүүний хангамжийн улирлын хамаарлыг үе шаттай бууруулж, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтыг 35 хувиар нэмэгдүүлнэ;
  • Эрчимжсэн аж ахуйд өсгөн үржүүлэх үхрийн тоог 2 дахин, нэгж малаас авах сүү, махны гарцыг 20 хувь, үйлдвэрийн аргаар боловсруулах сүү, махны хэмжээг 30 хувиар тус тус өсгөнө;
  • Шингэн сүүний импортыг тэглэж, хуурай сүүний импортыг 30 хувь, бусад сүүн бүтээгдэхүүний импортыг 15 хувиар тус тус бууруулна;
  • Өндөгний импортыг 90 хувь, зөгийн балны импортыг 70 хувь, тахианы махны импортыг 10 хувь, гахайн мах, өөхний импортыг 15 хувиар тус тус багасна;
  • Мах, зөгийн балны экспортыг 10 хувиар нэмэгдүүлнэ;
  • Эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн хангамжийг 40 хувиар, техник, технологийн шинэчлэлийг 30 хувиар тус тус нэмнэ;
  • Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлнэ;
  • Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлээс нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах бүртгэл, мэдээллийн системийг мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд суурилан бий болгоно;
  • Хөрөнгө оруулалтын болон санхүүжилтийн урт хугацааны хөнгөлөлттэй зээл, урамшуулал, татварын бодлогоор дэмжин, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх иргэн, аж ахуйн нэгжийн сонирхлыг дээшлүүлэх зэрэг олон эерэг үр дүн, өөрчлөлт гарна гэж үзэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын урт, дунд хугацааны бодлого, нийгэм, эдийн засгийн шаардлага, эрэлт хэрэгцээнд суурилан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийн төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан болно.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ