Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп твиттер хуудсандаа Франц улсыг доромжлов

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа Франц улсыг шууд утгаараа доромжилсон мэдэгдэл хийсэн нь хүмүүсийн дунд маргаан дэгдээжээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Дэлхийн Нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд оролцоод Парисаас буцаж ирсэн юм. Вашингтонд ирмэгцээ тэр НАТО-гоос АНУ-ыг гаргах тухай санаа цухуйлгаж, Европын холбоотнуудаа айлгасан.

Харин өчигдөр тэр Франц улс болон ерөнхийлөгч Эммануэл Макрон руу дахин довтолжээ.

“Эммануэл Макрон Европыг АНУ, Хятад, Оросоос хамгаалах армитай болох тухай ярьж байна. Гэхдээ Дэлхийн Нэг, Хоёрдугаар дайны үед Германы эсрэг Франц юу хийж чадсан юм бэ? Америкчуудыг очихоос өмнө тэд Герман хэл сураад эхэлсэн байсан шүү дээ. НАТО-гийн төлбөрөө төлсөн нь дээр!” гэж Трамп твиттер хуудсандаа бичсэн байна.

Дараа нь тэр дахин бичихдээ “Асуудлын гол нь Эммануэл Макроны рэйтинг Францад маш бага, 26 хувьтай байгаа бол ажилгүйдлын түвшин нь бараг 10 хувьд хүрээд байна. Тэр зүгээр л анхаарлыг өөр зүйлд хандуулахыг оролдож байна. Үнэндээ Францаас илүү үндсэрхэг үзэлтэй улс орон байхгүй, тэд үүгээрээ маш их бахархдаг, тэгэх нь ч аргагүй!” гэсэн юм.

Түүний энэ үгнээс харвал Трамп Макроны Парист хэлсэн үгэнд сэтгэл дундуур байгаа ажээ. Макрон Ялалтын хаалганы дэргэд болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ Трампын бодлогыг шүүмжилж “Эх оронч үзлээс урвахыг Үндсэрхэг үзэл гэнэ” хэмээн хэлж байв.

Гэвч Трампын мэдэгдэл олон хүний шүүмжлэлтэй тулгарсан байна. Тухайлбал Бельгийн ерөнхий сайд асан Гай Верхофштадт түүнд хариу болгон бичихдээ “Франц улс Америкийн хувьсгалыг санхүүжүүлж байсан, Францын мөнгөгүйгээр АНУ бий болохгүй байсныг Трамп мэддэггүй бололтой. Тэр бүү хэл Эрх Чөлөөний Хөшөөг нь хүртэл өгч байлаа!” гэсэн юм.

Зарим хүмүүс Трампыг шүүмжлэлээ Макронд шууд хэлэлгүй, Парисаас Вашингтонд буцаж ирснийхээ дараа сошиал сүлжээгээр довтолж эхэлснийг нь буруутгаж байна.