Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү: Ипотекийн зээлийг 3%-ийн хүүтэй олгох бүрэн боломжтой

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр ипотекийн зээлийн хүүг 8 биш, 3% болгох бүрэн боломжтой талаар судалгаанд үндэслэсэн тооцоог гаргаж, тайлбарлалаа. 

Ипотекийн зээлийг төрөөс санхүүжүүлдэг гэдэг нь хамгийн том давуу тал болох аж. Түүний үзэж байгаагаар иргэдийн төлж буй Нийгмийн даатгалын мөнгө, өмнөх ипотекийн зээлийн 40 хувийн эргэн төлөлт, тусгай сангуудын мөнгөөр энэ төслийг санхүүжүүлэх боломжтой гэлээ. 

Төрийн энэхүү мөнгийг 1%-ийн хүүтэй олгоход хангалттай бөгөөд үүн дээр арилжааны банкууд эрсдэл, үйлчилгээний зардал гэсэн 2%-ийг нэмээд нийт 3%-ийн хүүтэйгээр иргэдэд орон сууцны зээл олгох боломжтой гэсэн зарчмыг эдийн засагчдын багаар судлуулсны үндсэн дээр тайлбарлав. Түүнчлэн урьдчилгааг 20 хувь болгох бөгөөд 80 ам.метр гэсэн хязгаарыг "Гурван өрөө хүртэл" хэмээн өөрчлөх бөгөөд нэг хүн орон сууц авах зарчмаар явбал Улаанбаатар хотын утааг бүрэн шийднэ гэлээ. 

Үүний тулд 900 хүний гарын үсэг цуглуулснаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд энэ асуудлыг оруулж, нээлттэй хэлэлцүүлэг хийж, улмаар УИХ-ын тогтоолын төсөл санаачлах боломж бүрдэх юм байна. "Энэ талаар би ХХБ, ХААН, Голомт банкны мэргэжилтнүүдтэй уулзахад боломжтой гэдгийг хэлсэн. Банк төрийн мөнгөнөөс ашиг унагах нь шударга бус. Тиймээс эрсдэл, үйл ажиллагааны зардал гэсэн 2 хувийг нэмэхэд л хангалттай. Харин төр иргэдийн төлж буй НД-ын хүүгүй мөнгийг тэтгэвэрт гартал нь олон жил хадгалдаг юм чинь 1 хувийн хүүтэй хөтөлбөрийг санхүүжүүлэхэд бүрэн боломжтой гэж үзэж байна" гэсэн юм.