Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эрх баригч нам Засгийн газраа дахин огцруулах уу?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж, эзэнгүй байгаа ХХААХҮ-ийн сайдын суудлыг УИХ-ын гишүүн Ч.Улаанд өгөхөөр нэгдсэн байр сууринд хүрсэн хэдий ч үүний хажуугаар тус намын дотоод тэмцэл олон нийтийн өмнө эрчимтэй өрнөж байна.

Өчигдрийн хурлын үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хотын дарга С.Батболд нарыг ажлаа өг хэмээн шаардсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийж "У.Хүрэлсүхэд алдаагаа засах, энэ том намыг авч явах, Засгийн газрыг толгойлж явах чадвар байхгүй гэж би үзэж байна.

Тиймээс би өнөөдрөөс эхлээд энэ хүнийг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж УИХ-д өргөн барина" хэмээн мэдэгдсэн.

Олонхоороо төр барьж буй МАН-ын дотоод тэмцэл цаашид хаа хүртэл үргэлжлэх, юунд хүрэх тухайд тал бүрийн таамаглал явсаар байна. Тэдгээрийн дунд Засгийн газар огцрох уу гэх асуудал эрчимтэй яригдаж байгаа юм.

Тэгвэл Засгийн газрыг ямар тохиолдолд огцруулах вэ?/ХУУЛИЙН ЗААЛТ/

Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд,

  1. Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.
  2. Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
  3. Улсын Их Хурал Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
  4. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 19-өөс дээш тооны гишүүн Засгийн газрыг огцруулах Д.Хаянхярваа гишүүний албан хүсэлтэд гарын үсэг зурвал уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж болох нь. 

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан яг одоо үргэлжилж байна. Уг хурлын эхэнд ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцэж дэмжсэн бол, үргэлжлүүлэн Д.Хаянхярваа гишүүнийг намын бүлгийн даргаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа аж.