Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо

ikon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Багануурын ордын тусгай зөвшөөрөлтэй холбогдох “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал 2018 оны арваннэгдүгээр сарын 07-нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж “Алтайн гянт” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Ингэснээр тус компанид Багануурын ордод ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэхээр олгосон тусгай зөвшөөрөл хүчингүй болж байгаа юм.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон тус ордод Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчин 2006 оны арваннэгдүгээр сарын 06-нд Ашигт малтмалын газрын даргын тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Алтай гоулд” ХХК-д олгосон бөгөөд улмаар тус компани өөрийн эзэмшилд байсан дээрх тусгай зөвшөөрлийг 2010 онд “Алтайн гянт” ХХК-д шилжүүлсэн байдаг. 

“Багануур” ХК-ийн зүгээс хууль зөрчин олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлаар 2008 оноос эхлэн холбогдох төрийн захиргааны болон шүүхийн байгууллагуудад удаа дараа гомдол гаргаж, хянан шийдвэрлүүлсний үндсэн дээр 2012 оны аравдугаар сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын газрын даргын 616 дугаар тушаалаар дээрх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. 

“Алтайн гянт” ХХК-ийн зүгээс 2015 онд Ашигт малтмалын газрын даргын дээрх тушаалыг хууль бус хэмээн үзэж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр захиргааны шүүх тус нэхэмжлэлийг хүлээж аваагүй байдаг боловч “Алтайн гянт” ХХК 2016 онд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэснээр уг хэрэг маргаан өнөөдрийг хүртэл сунжран бүрэн шийдвэрлэгдээгүй явсаар ирсэн юм.

 

Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК