Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Арнауд Суарат: Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани хамтарч ажиллаж гэмээнэ “Оюу толгой” төслийн өгөөж нэмэгдэнэ

Б.Энхмарт, Үндэсний шуудан
2018 оны 11 сарын 1
Үндэсний шуудан
Зураг зураг

"Рио Тинто” группийн “Зэс, очир эрдэнийн групп”-ийн гүйцэтгэх захирал Арнауд Суараттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та өөрийгөө манай сонины уншигчдад танилцуулахгүй юу. Та төмөрлөг, уул уурхайн салбарт 25 жил ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт томилогдон, төрөл бүрийн алба хашиж байсан юм байна. Бас шинжлэх ухааны доктор гэсэн байсан?

-Намайг Арнауд Суарат гэдэг. Францад төрсөн ч амьдралынхаа ихэнх хугацааг гадаадад, уул уурхайн салбарт ажиллаж өнгөрүүлсэн. Антарктидаас бусад бүх л тивд амьдарч байлаа. Уул уурхайн салбарт ороод 25 жил болсон байна. Инженер, физикийн чиглэлээр мэргэжил эзэмшээд, сүүлд Америкт квантын физикээр докторын зэрэг хамгаалсан. Чөлөөт цагаараа аль болох идэвхтэй хөдөлгөөн хийхийг хичээдэг. Алхах, дугуй унах дуртай. Сүүлийн үед морь унаж сурахыг оролдож байгаа.

-Монгол морьтой “танилцаж” амжив уу?

-Хараахан амжаагүй байна. Гэхдээ хэдэн сарын өмнө Хустайд очиж, Монголын алдарт зэрлэг адуу тахийг үзсэн юм байна. Гайхалтай байсан шүү.

-Та “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүү­нээр сонгогдоод нэг сар боллоо. Энэ хугацаанд ямар ажил амжуулав, бас цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-“Оюу толгой” бол “Рио Тинто”-ийн хувьд маш чухал төсөл. Зэс, очир эрдэнийн группийн захирал “Оюу толгой”-н ТУЗ-д байх нь зүйтэй гэж үзсэний дагуу толгой группээс өнгөрсөн есдүгээр сард томилсон. Миний хариуцдаг Зэс, очир эрдэнийн группийн Санхүү эрхэлсэн захирал, мөн "Оюу толгой"-н ТУЗ-д орсон. Би “Оюу толгой” төслөөс Монголын эдийн засаг, нийгэмд үзүүлэх болон төслийн хувьцаа эзэмшигчдийн хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх үүрэг, зорилготой энэ албанд томилогдсон. Мөн мэдээж “Рио Тинто” групп болон дэлхийн уул уурхайн шилдэг туршлагыг “Оюу толгой” төсөл рүү татаж, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Бидний хамтын ажиллагаа амжилттай байвал “Оюу толгой”  цаашид ч дэлхийн хамгийн аюулгүй, амжилттай зэсийн уурхай байж чадна. 

-Таны ажиллаж байсан уурхайн төслүүдээс “Оюу толгой” юугаараа онцлог гэж харж байна вэ?

-“Оюутолгой” төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн түвшинд маш сайн бэлтгэгдсэн, өрсөлдөх чадвар сайтай байгаа нь ялгарч харагддаг. Сүүлийн дөрөвхөн жилийн дотор нийт ажилчдын 93 хувийг монголчуудаар бүрдүүлж чадсан нь үнэхээр том амжилт. Манайх одоо 17,000 гаруй ажилчинтай гэхээр богино хугацаанд маш олон монголчуудыг ажилтай болгосон байгаа юм. Энд ажиллаж байгаа монгол залуус маш чадвартай, ухаантай, аливаа зүйлийг бүтээлчээр харж, шийдвэрийг цаг алдалгүй, оновчтой гаргаж чаддаг нь ажиглагдсан. Асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, даван туулах, дасан зохицох энэ чадвар нь газар зүйн байршил, үүх түүхтэйгээ холбоотой байх.

Монголчуудын дээр дурдсан чадваруудыг “Рио тинто” группийн тэргүүн туршлага, сайн систем, уул уурхайн салбарын зөв оновчлолтой нийлүүлснээр “Оюу толгой” төсөл дөрвөн жилийн дотор дэлхийн хамгийн аюулгүй, хамгийн бүтээмж өндөртэй уурхай болж чадсан байна. Уул уурхайн салбарт 25 жил ажиллахдаа орон нутгийн салбарт орон нутгийнхны оролцоотойгоор ийм богино хугацаанд төдий амжилт, туршлага гаргасан түүхтэй өмнө нь таарч байгаагүй

- “Оюу толгой”-г байнга дагадаг өөр нэг асуудал нь орон нутгийн хөгжилд ямар ч үүрэг оролцоогүй, дорвитой нэг ч бүтээн байгуулалт хийдэггүй гэх шүүмжлэл. Энэ тал дээр төлөвлөж байгаа ажил, сайн мэдээ байна уу. Дэлхий дахинд, тэр тусмаа “Рио тинто”, таны ажиллаж байсан “Алкоа” болон “Печинэй” компаниудын Австрали, Европ дахь  томоохон төслүүд тухайн орон нутагт үйлдвэрлэл, бүтээн байгуулалт бий болгоход хэр ач холбогдол өгдөг байсан бэ. Тэдгээрээс Монголд хэрэгжүүлж болох зүйлс хэр байна вэ?

-“Рио тинто” групп болон “Оюу толгой” компанийг орон нутгийн, тодруулбал Ханбогд сумын хөгжлийг дэмждэггүй гэж зарим улстөрч, хүмүүс ярьж байхыг сонссон. Би тэднээс “Та бүхэн Ханбогд суманд очоод нүдээрээ харсан уу?” гэж асуумаар байдаг.  Ингэж шүүмжилдэг хүмүүс Ханбогд суманд очоод үзвэл ханбогдчуудад зайлшгүй хэрэгтэй дэд бүтцийг шийдвэрлэсэн, шаардлагатай барилга байгууламжуудыг сэргээн босгосон зэргийг харж болно. Тодруулбал, уурхайг Ханбогдтой холбосон зам тавьж байгаа. Мөн сургууль, цэцэрлэгийн иж бүрэн цогцолбор тун удахгүй ашиглалтад орох гэж байна.

Эдгээрээс гадна Соёлын төв, Ханбогд, Өмнөговь аймгийн малчдад зориулсан Мал эмнэлэг, усны нөөц, эрүүл ахуйг хангах үүднээс Ус сувгийн цогц бүтээн байгуулалт зэрэг маш олон ажил хийсэн. Энэ бүхнийг ханбогдчуудтай хамтран хийснээр тус сумын хүн ам сүүлийн 10 жилд гурав дахин өссөн тоон мэдээлэл бий.

Тодорхой, тогтвортой, шударга байдал гэдэг бол гадаадын хөрөнгө оруулалт татах гол нөхцөл

Та олон улсын жишиг гэж асуусан. “Оюу толгой” төсөл өөрөө орчин цагийн уул уурхайн жишигт тооцогдоно. Гэхдээ хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. “Рио тинто” бол уул уурхайн компани. Барилга, бүтээн байгуулалтын компани биш. Хэдий тийм ч Ханбогдыг хөгжүүлж, шинэ барилга байгууламж босгоход холбогдох компаниудад туслан ажиллаж, ажилчдадаа Ханбогдод суурьших нөхцөл бүрдүүлж өгөхийг эрмэлздэг.

 

-Таны дурдсан бүтээн байгуулалтаас гадна монгол залуусыг мэргэшүүлж, чадавхжуулж байгаа нь бас нэгэн чухал капитал мөн. Хэд хоногийн өмнө гүний уурхайд осол гарч, аврах ажиллагааг Монголын анхны эмэгтэй аврагчдын баг хийлээ гэж мэдээлж байсан. Энэ мэтээр мэргэшүүлэх, чадавхжуулах тал дээр цаашид ямар ажлууд төлөвлөж байна вэ?

-Бид ажиллах хүчээ сургаж мэргэшүүлэх ажлыг Монголын өмнө хүлээж байгаа хамгийн том үүрэг, хариуцлага гэж ойлгодог.Энэ ч утгаараа бид мэргэжил дээшлүүлэх, ажилчдадаа мэдлэг олгох маш өргөн хүрээтэй хөтөлбөр явуулахын зэрэгцээ боловсролын чиглэлд төрөл бүрийн төсөл хөтөлбөр санаачилж тогтмол хэрэгжүүлж байна. Тодруулбал, дотоод болон гадаадын сургалтын тэтгэлэг зарлаж, бүрэн санхүүжүүлдэг. Олон улсын жишиг сургалтуудад ажилчдаа аль болох хамруулахыг хичээж байгаа. Ингэснээр манай ажилтнууд дэлхийн хэмжээний уул уурхайн мэргэжилтэн болж байгаа юм. Саяхан манай Гүний уурхайд гал гарахад аюулгүй ажиллагааны дараалал, аврах ажиллагааны зарчмаа яг л сурсан ёсоороо яс баримтлан ажиллаж, нэг ч ажилтнаа гэмтээлгүйгээр аварсан нь мөнхүү сургалтуудын ач юм. Ослын үеэр багийнхаа хэрхэн ажилласныг хараад “Оюу толгой” уурхай дэлхийн хэмжээний уурхай, ажиллагсад нь дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд болсныг илтгэсэн явдал боллоо гэж дүгнэсэн.

Бид ажиллах хүчээ сургаж мэргэшүүлэх ажлыг Монголын өмнө хүлээж байгаа хамгийн том үүрэг, хариуцлага гэж ойлгодог

Манай чадваржуулах бодлогын маш чухал нэг хэсэг бол “Монголд үйлдвэрлэв” стратеги. Өнөөдөр “Оюу толгой” компанийн худалдан авалтын 80 хувь нь дан Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд байна. Өнгөрсөн жил баталсан хөтөлбөр гэхэд маш хурдтай, үр дүнтэй хэрэгжиж байгаа. Бид 1,100 гаруй ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж байна. Зарим нь “Оюу толгой”-д ханган нийлүүлэлт хийхээр байгуулагдсан бол зарим нь жижигхэн компаниас том аж ахуйн нэгж болтлоо томорсон. Эдгээрээс гадна хүмүүстээ өгч буй нэг боломж, өсөн дэвжихэд нь дэмнэж буй ажил бол монгол ажиллагсдаа “Рио тинто” групп дотроо шилжүүлэн ажиллуулах  стратеги юм. “Рио тинто”-д шилжин ажиллаад буцаж “Оюу толгой”-д ирэхдээ хөдөлмөрийн зах зээл дээр үнэд хүрэхүйц цоо шинэ мэдлэг, боловсролтой боловсон хүчин болоод ирж байгааг онцлох хэрэгтэй.

-УИХ-аас “Оюу толгой” төслийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг томилогдон ажиллаж буй. Тэдний шаардсан материалуудыг бүрэн гаргаж өгч байгаа юу. Мөн өнгөрсөн гуравдугаар сард “Оюу толгой”-д 155 сая ам.долларын татварын торгуулийн акт тавьсан ч 150 сая ам.долларыг нь анх байгуулсан суурь гэрээнүүдтэй зөрчилдөж байна гээд хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байсан. Монгол Улсын Засгийн газартай ойлголцолд хүрэхгүй бол Арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх ёстой юм билээ. Энэ асуудал юу болсон бэ?

-Бидний хувьд Засгийн газар болон парламентын Ажлын хэсгийнхэнтэй бүх талаар хамтран ажиллаж байна. “Оюу толгой” төслийн ажлыг шалгах хэсгийн үйл ажиллагааг бид энэ төслийн үр өгөөжийг олон нийт болон төр, засгийн төлөөллүүдэд үнэн зөвөөр харуулах боломж гэж харж байгаа. “Оюу толгой” төслийнхөө үр өгөөжийг нэмэгдүүлэх нэгдмэл зорилгодоо хүрэхийн тулд бид Хөрөнгө оруулалтын гэрээнийхээ хүрээнд ажиллахад л болно.

Бидний байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг эргэн хэлэлцэх боломжгүй. Нэмж хэлэхэд, урьдчилан таамаглахуйц байдал, хууль хүндлэх ёс, тогтвортой байдал бизнесийн аль ч хамтын ажиллагаанд нэн чухал. Тэр дундаа “Оюу толгой” шиг Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажилд улсынхаа нүүр царай, хамгийн том элч төлөөлөгч  болдог компанид бол бүр ч амин чухал. Ер нь сая дурдсан тодорхой, тогтвортой, шударга байдал гэдэг бол гадаадын хөрөнгө оруулалт татах гол нөхцөл юм шүү дээ.

Гүний уурхай амжилттай хэрэгжих үед Оюутолгойн уурхай дэлхийн гурав юм уу, дөрөв дэх том зэсийн уурхай болно. Энэ үед Монгол Улсын эдийн засгийн гол нөлөөлөгч хүч болж, ДНБ-ий 30-40 хувийг дангаараа бүрдүүлэх таамагтай байгаа. “Оюу толгой” төслийн үр өгөөжийг дагаад Монгол Улсыг эрчимтэй хөгжүүлэх бололцоотой болно гэсэн үг. Мэдээж үүний тулд төслийн үр өгөөж аль болохуйц өндөр байх хэрэгтэйг манай талаас анхаарч, Засгийн газартай дөрвөн чиглэлээр хамтран ажиллаж байна.

Нэгдүгээрт, эрчим хүчний асуудлаар. Одоогийн байдлаар бид Өвөрмонголоос эрчим хүчээ авч байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд эрчим хүчээ Монголоос авах үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүргээ биелүүлэх нөхцөл бүрдүүлэхийн тулд  цахилгаан станц барьж, гадаадад төлж буй зардлыг Монголд шингээх боломжтой гэж үзэж байгаа. Яг одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газартай цахилгаан станцаа Тавантолгойд барих уу, Оюутолгойд барих уу гэдэг дээр ойлголцолд хүрэх гээд байж байна. Тавантолгойд барихад илүү хугацаа орох байх. Юун түрүүнд  хууль эрх зүйн тохироо бүрдэх хэрэгтэй байна. Цахилгаан станцаа хаана ч барьсан сэргээгдэх эрчим хүчийг оролцуулах боломж байна гэж бид тооцоолж байгаа. Сэргээгдэх эрчим хүчээр уурхайг хангах боломжийг бид судалж байна.

Засгийн газартай ажиллаж байгаа хоёрдугаарх ажлын хэсэг татварын асуудлыг хэлэлцэж байна. Татварын ерөнхий газраас  “Оюу толгой”-д төлж байгаа татвараасаа гадна 155 сая ам.доллар төлөх акт тавьсан. “Рио тинто” групп татвар төлөх хариуцлагаа гүн ухамсарладаг, татварын асуудалд маш нухацтай ханддаг компани. “Рио тинто”-д харьяалагддаг бүх компани татварын тайлангаа дэлгэрэнгүй, ил тодоор нийтэлдэг.  Үүнийг олон улсын татварын мэргэжилтнүүд ихэд сайшааж, манайхаар жишээ аван ярьдгийг онцолмоор байна.

Нэг завин дээр байгаагаа аль аль талдаа ойлгох хэрэгтэй байна

Таван сая ам.долларыг өмнө нь төлсөн гэдэгт  Ажлын хэсгийнхэнтэй санал нэгдсэн. Үлдсэн 150 сая ам.долларын шаардлага Хөрөнгө оруулалтын гэрээнд шууд харшилж байгаа. Энэхүү үл ойлголцлыг шийдэхийн тулд Засгийн газартай хэлэлцээ хийж байна. Ингээд маргааныг тасалж чадахгүй бол Олон улсын Арбитрын шүүхэд хандах нөхцөл үүснэ. Хоёр тал ойлголцолд хүрч чадахгүй байгаа тохиолдолд гуравдагч этгээдээр хянуулж, ойлголцох явдал бизнест байдаг л зүйл.

Гуравдугаарт, төслийн зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Туркойз Хилл Ресурс” компаниас "Оюу толгой" төслийг хөгжүүлэхээр авсан зээлийнхээ хүүг бууруулах хүсэлт удаа дараа тавьсан. Хүүг бууруулахын тулд эхлээд төслийн эрсдэлийг багасгах ёстой. Иймээс Засгийн газартай төслийн эрсдэлийг бууруулах гэж юуг хэлэх вэ, хэрхэн бууруулах вэ гэдэг дээр ажиллаж байна.

Дөрөвдүгээрх нь орон нутгийн хөгжил буюу ярилцлагын эхэнд дурдсан Ханбогдыг хөгжүүлэх чиглэл. Засгийн газар энэ талаар Ажлын хэсэг гарган бидэнтэй нягт хамтран  ажиллаж байна. 

Бид монголчуудын итгэлт түнш байхыг хичээж ирсэн, ирэх олон арван жилд ч мөн адил хичээн ажиллах болно. Гол нь нэг завин дээр байгаагаа аль аль талдаа ойлгох хэрэгтэй байна. Завиа живүүлэх үү, усан онгоц, аварга хөлөг болгох уу гэдэг биднээс шалтгаална.

Зураг