Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цэнд-Аюуш: Үдийн цайны 75.6 хувь нь хүнсний бүтээгдэхүүний нийцэл хангасан цэстэй байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

НМХГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 137 төрийн өмчит ЕБС-ийн 120 сургууль, 129 цайны газрыг төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамруулжээ.

Шалгалтаар "Үдийн цай хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байдал, гэрээгээр нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартыг мөрдүүлэн ажиллаж байгаа эсэхэд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Шалгалтад хамрагдсан төрийн өмчийн сургуулиудын 64.3 хувь зориулалтын байранд цайны газрын үйл ажиллагаа явуулж байгаа бол 35.5 хувь нь зориулалтын бус байртай байгаа бол 6.6 хувь нь цайны газаргүй байна.

Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхэд 75.6 хувь нь хүнсний бүтээгдэхүүний нийцэл, шаардлага хангасан цэстэй байна гэж дүгнэлээ.

Цайны газруудын 75 хувь нь ажлын байрандаа мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй байна. 

Шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдийг танилцуулбал,

  • Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал: БГД-ийн “Эрдмийн ундраа”, “Оюуны ундраа” цогцолбор, “Монгени”, 141, 73, 51, “Шинэ-Эрин”, БЗД-ийн 53, 127, СХД-ийн “Ирээдүй” цогцолбор, СБД-ийн 25, 45, 71, ХУД-ийн 34, 60, 75, 115, 130, 32-р сургууль.
     
  • Цайны газрыг технологийн урсгалын дагуу зөв зохион байгуулаагүй, бэлтгэлийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөөгүй байгаа сургуулиуд.
     
  • БГД-ийн “Оюуны ундраа” цогцолбор, 47, 51, “Шинэ эхлэл”, БЗД-ийн 53, 120, 85, СХД-ийн 9,134, 129, 107, 62, 122, “Ирээдүй” цогцолборын 2-р бага, СБД-ийн 1, 2, 35, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Найрамдал сургууль, ЧД-ийн 6, 17, 23, 40, 49, 50, 57, 72, 117, НД-ийн 109-р сургуулиуд.
     
  • Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй БГД-ийн “Оюуны ундраа” цогцолбор, “Монгени”, “Шинэ эхлэл”, БЗД-ийн 84, 88, 33, 127, 120, 85, 97, 48, СХД-ийн 107, 65, 122, “Ирээдүй” цогцолборын 1,2-р дунд сургууль, СБД-ийн 1-р сургуулийн “Тайж язгууртан” заал, 31, 45, 71, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Өсвөрийн зохион бүтээгч ахлах сургууль, ЧД-ийн 6, 17, 23, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, ХУД-ийн 34, 75, НД-ийн “Голомт” цогцолбор сургуулиуд.
     
  • Дотоод орчин, гал тогоо болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа 23, 39-р сургуулиудад хиамтай кимбаб, 39, 50-р сургуульд хиамтай ороомог, 39, 72, 37, 50-р сургуулиудад чихэр, шоколад худалдаалж байгаа, ХУД-ийн 26, 32, 34, 41, 59, 114, 118-р сургууль, СБД-ийн Найрамдал сургууль, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, хөгжим бүжгийн коллеж, МУИС-ын байгаль эх лицей сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль, ШУТИС-ын Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль, АШУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль.
     
  • Зарим сургуулийн сурагчид үдийн цайг ангидаа өөрсдийн аяга тавганд ууж, гэртээ цэвэрлэж байгаа нь цэвэрлэгээ хангалтгүй хийгдэх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүйгээс дам бохирдол үүсэх нөхцөл бүрдэж байна. Жишээ нь: СБД-ийн 2,4,31, 35, 45, 71-р сургуулиуд.
     
  • Хүнс түүхий эдийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлүүлдэггүй- БГД-ийн “Шинэ Эхлэл”, БЗД-ийн 83, 53, 55, БЗД-ийн цогцолбор, 33, 88, 127, 48, СХД-ийн 42, 112, 9, “Ирээдүй” цогцолборын 1,2-р дунд, 76, СБД-ийн 1-р сургуулийн “Тайж язгууртан”, 31, 45, 116, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, “Найрамдал”, ЧД-ийн 6, 24, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, ХУД-ийн 26, 135, 41, 34, 75, 32, НД-ийн “Голомт” цогцолбор, БНД-ийн 66, 125, “Гүн галуутай” цогцолбор сургуулиуд.
     
  • Хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх зөрчил бас түгээмэл илэрч байна.
     
  • Шалгалтад хамрагдсан сургуулиудын 35.4 хувь нь үдийн цайгаар авбал зохих шимт бодисыг тооцохгүй байна.

Ингээд шалгалтын явцад нийт 847 гаруй зөрчил илрүүлж 56.7 хувийг нь газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, 44 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн зөрчлийн тухай хуулийн дагуу 14 хуулийн этгээдэд 9.4 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, барагдуулах арга хэмжээ авсан.

Мөн “Шинэ эхлэл” сургуулийн цайны газрыг түрээслэгч “Банни” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авч ажилласан" хэмээн мэдээллээ.

Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Үдийн цайны цэсний стандарт гэж байдаг. Энэ стандартаа хангаж чадаж байна уу?

-Үдийн цай хөлбөрийн хэрэгжилтийг 73 хувийн хэрэгжилттэй байна гэж дүгнэлээ. Хөтөлбөрийн цэс батлагдсан байдаг. Шалгалтаар бол цэсийн зохицол болон дотоод хяналт хангалтгүй гэж дүгнэсэн. Үнэ мөнгөний хувьд нэг хүүхдийн үдийн цай 600 төгрөгийн төсөвтэй байдаг. Энэ санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг дээр холбогдох байгууллагууд санал нэгдээд, ажиллаж байгаа.

-Үдийн хоол, үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх стандартыг зөрчсөнөөс үүдэн хүүхэд хоолны хордлого авсан тохиолдол байгаа юу?

-Сүүлийн гурван жил буюу 2016, 2017, 2018 онд үдийн цай хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хордлого авсан тохиолдол гараагүй.

Сургууль, цэцэрлэгийн орчинд хордлого гарсан тохиолдолд тухайн газарт ажилласан эмнэлгийн байгууллагууд манайд мэдээлэх үүрэг хүлээдэг. Үүний дагуу бид очиж ажилладаг.