Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

М.Уранцэцэг "Абу Даби"-гийн их дуулгад түрүүлэв

М.Дуламсүрэн, Үндэсний шуудан
2018 оны 10 сарын 29
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аравдугаар сарын 27-нд эхэлсэн жүдо бөхийн Абу Дабигийн “Их дуулга"-д эхний өдөр Монголын бөхчүүдээс ганцаар дэвжээнд гарсан Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялж, алтан медаль хүртлээ. Түүний өрсөлдөгч Дистра Красники 22 настай. Энэ жилийн ДАШТ-ий эхний шатанд Украины залуу од Дария Билодидэд ялагдаж байсан бол өнөөдөр олимп, дэлхийн аварга, Аргентинийн Паула Паретог ялсан юм.

М.Уранцэцэг ийнхүү Абу Дабигийн “Их дуулга”-д аварга болсноор Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри болон “Их дуулга” ангиллын тэмцээнээс 11 дэх түрүүгээ хүртэж байна. Манай тамирчны хувьд өнөөдөр А хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд эхний тойрогт гоц мөргөж, улмаар Бельги, Португалийн бөхийг ялж, хэсгийн аварга болсон. Харин хагас шигшээ барилдаанд Унгарын жүдоч Ева Черновишкиг цэвэр ялснаар аваргын төлөө шалгарсан юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг жиндээ дэлхийн чансааны гуравт бичигдэж буй. Нийт 62 орны 348 жүдоч өрсөлдөж буй “Абу Даби”-гийн их дуулгад эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг, эрчүүдээс 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д, Н.Дагвасүрэн +100 кг-д Б.Тэмүүлэн нар эх орноо төлөөлөн оролцож байгаа. ОУХМ Д.Төмөрхүлэгийг “Их дуулга”-д оролцоно хэмээж байсан ч тэр тэмцээнийг өнжлөө.

 

Зураг