Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн эртний далайн хөлгийг Хар тэнгисийн ёроолоос олжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн эртний далайн хөлгийг Хар тэнгисийн ёроолоос бүрэн бүтнээр нь олсноо эрдэмтэд зарлажээ.

23 метр урттай, эртний Грекийн үеийн буюу 2,400-аас дээш жилийн настай уг хөлөг 2 км-ын гүнд байгаа юм. Тэнгисийн гүн дэх хүчилтөрөгч хомс орчин хөлгийг ийм удаан хадгалагдахад хүргэсэн гэж Black Sea Maritime Archaelogy Project (MAP) төслийн судлаачид үзэж байна.

Эрдэмтэд эртний Грекийн хөлгийг зөвхөн тухайн үеийн ваар савны бөөрөн дээр дүрсэлснээс л харж байсан бол анх удаа бодитоор харах гэж байгаа нь энэ юм.

 

Тиймээс уг олдвор эрт цагийн далайн хөлөг бүтээх арга техник, далайн аялалын талаар маш их мэдээлэл өгнө гэж найдаж байна. Хөлгийн олдворыг одоогоор хөндөөгүй байгаа ба жижиг хэсгийг нь авч Британий Соутхэмптоны их сургуульд шинжлэхэд эртний Грекийн үед бүтээгдсэнийг нь баталжээ.

Шинэ олдворын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэ долоо хоногийн сүүлээр Лондонд болох Black Sea MAP төслийн хурал дээр танилцуулахаар болсон байна.

Олон улсын эрдэмтэд эрт үеийн далай тэнгисийн усны түвшинг судлахаар Хар тэнгист гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тэд судалгааны явцдаа энэхүү тэнгисийн ёроолоос 60 гаруй хөлгийн үлдэгдэл илрүүлсэн байна.

Тэдний олдворын дотор 17 дугаар зууны Оросын Козакуудын байлдааны хөлгөөс эхлээд Ромын худалдааны хөлөг хүртэл бий гэнэ. 

Эртний Грекийн хөлөг олдсон газар нь Болгарын эргээс холгүй Хар тэнгисийн хэсэг юм байна.

 

Эх сурвалж: The Guardian