Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөвсгөл рүү уул уурхайн төмөр зам барих гэж байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байна"

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ болон Хөвсгөлийн сумдын иргэд уул уурхайд зориулж Сэлэнгэ мөрөн өгсөөд Олон голын бэлчир дайруулж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани төмөр зам тавих гэж буйг эсэргүүцэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-ын тэргүүн Энхбаатар "Хөвсгөл рүү уул уурхайн төмөр зам тавих гэж байгаа. Бид үүнийг эсэргүүцэж Хөвсгөл аймгийн иргэд дунд санал асуулга явуулж, гарын үсэг цуглуулсан. Ингээд өнөөдөр Өргөдлийн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын гишүүдэд өргөдөл өгөхөөр бэлэн болсон байна. 

Анх 2012 оноос төмөр зам тавих шийдвэр гарсан. 2015 онд төмөр зам барих концессын гэрээ байгуулж, тусгай зөвшөөрөл олгосон. Төмөр замыг Northern Railways гэх компани хийх гэж байгаа. Бид яагаад эсэргүүцэж байгаа гэхээр энэхүү компани хууль зөрчсөн. Бидэнд олон нотлох баримт бий. 

Түүнчлэн, Сэлэнгэ мөрөн зэрэг гол усны эх үүсвэрүүд рүү энэхүү төмөр зам нь тавигдаж байгаа. Энэ нь байгаль орчинд маш том хохирол учруулж байгаа юм. Нутгийн уламжлалт аж ахуйд мөн сөрөг нөлөөтэй, малын бэлчээр хязгаарлагдана, ард иргэдийн амьдрах үндсэн эрх зөрчигдөнө" гэв.

"Бид өөрсдийн газар нутгаа авч үлдэхээр тэмцэж байна"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Бүрэнтогтох сумын ИТХ-ын дарга Ренчиндорж "Хөвсгөл аймаг руу төмөр зам барих үйл ажиллагааг нутгийн ард иргэд бид эсэргүүцэж байна. Бидний өвөг дээдэс энэхүү газар нутгийн төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан. Тиймээс Монголчууд бид өөрсдийн газар нутгаа эрх мэдлийнхээ хүрээнд авч үлдэхээр тэмцэж байна. 

Монгол Улсын үндсэн хуульд засаг төрийн эрх бол ард түмнийх гэж заасан байдаг. Тиймээс Бүрэнтогтох сумын ард иргэд газар нутгийнхаа төлөө идэвх, зүтгэлтэйгээр оролцож байгаа. Мөн Монголчууд та бүхэн бидний үйл ажиллагааг дэмжихийг уриалж байна" гэв.