Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосын хил дагуу булсан минийг цэвэрлэж дууслаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хоёр Солонгосын хилийн Панмунжом тосгоны дагуу байрлуулсан газрын минийг цэвэрлэж дууссанаа Өмнөд Солонгосын тал өчигдөр мэдээлжээ.

Панмунжом тосгон нь 248 км үргэлжилсэн Зэвсэггүй бүс (DMZ) дотор байрладаг, дэлхий нийтэд хамгийн сайн танигдсан газар юм.

Хоёр Солонгосын удирдагч нар өнгөрсөн сард Пёньянд уулзахдаа хоорондын дайсагналыг бууруулах шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.

Эдгээрийн нэг нь газрын минийг цэвэрлэх ажил байв. Дараагийн алхам нь энэ долоо хоногт багтаж Панмунжом дахь хилийн харуулууд галт зэвсэггүй болох юм.

Хоёр Солонгос болон НҮБ-ын цэргийн хүч гэсэн гурван талын харуулууд галт зэвсгээсээ татгалзах ажээ. Эцсийн дүнд хоёр Солонгосоос тус бүр 35 харуул зэвсэггүйгээр Панмунжомын хамгаалалтад гардаг болох юм.

1950-аад оны Солонгосын дайны дараа нэг талаас Хойд Солонгос ба Хятад улс, нөгөө талаас НҮБ-ын зэвсэгт хүчин гал зогсоох гэрээ байгуулсан ч энхийн гэрээ байгуулаагүй байгаа.

Тиймээс өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд хоёр Солонгосын хил дайны байдалтай хэвээр байгаа юм. Өмнөд Солонгосын либерал засгийн газар Хойд Солонгостой найрамдахыг хичээж байгаа бол түүний гол холбоотон АНУ цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзах хүртэл Пёньянд хатуу бодлого тулгах эрмэлзлэлтэй байна.

 

Эх сурвалж: Asahi Shimbun