2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
23:00
S31
12°
00:00
S31
10°
01:00
S31
02:00
S31
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S26
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ёланда Фернандез Ломмен: Улаанбаатарт эко орон сууцны төсөл хэрэгжүүлнэ

Б.Солонго
2018 оны 10 сарын 23
Зууны мэдээ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслүүд Ховд аймагт амжилттай хэрэгжиж байгаа билээ. Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен тэргүүтэй багийнхан төслийн үр дүнтэй танилцах аяллыг тус аймагт хийх үеэр түүнтэй дараах ярилцлагыг хийсэн юм. 

–Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төслүүд Ховд аймагт амжилттай хэрэгжжээ. Үр дүнгийн талаар та ямар бодолтой байна?

-Миний хувьд Ховд аймагт анх удаа ирж, төслүүдтэйгээ танилцаж байна.

“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймагт баригдсан хатуу хучилттай замаар явж үзлээ. Чанарын хувьд сайн болжээ гэсэн дүгнэлтийг хийж явна. Мөн орон нутгийн иргэдтэй уулзаж замаас хүртэж байгаа үр өгөөжийн талаар санал сэтгэгдлийг нь сонслоо. 

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Цусны төвд “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5”төсөл хэрэгжсэнээр эмнэлгийн үйлчилгээ сайжирч, цус, цусан бүтээгдэхүүн бэлтгэх тал дээр шинэ технологитой болж, хангалттай нөөцтэй болсон сайхан мэдээ байна.  Нөгөө талаас авто зам, эмнэлгийн төслүүд нь нэг нэгнээ дэмжсэн байдлаар хэрэгжиж байгаа нь анзаарагдлаа.

Эмнэлгийн үйлчилгээг сайжруулсан шинэ замаар шуурхай хүргэж, тусламж үйлчилгээ хүрэх хүндээ шуурхай очиж байгаа нь сайн хэрэг. Аливаа төслийн санааг нь гаргах, боловсруулах, хэрэгжүүлэх явц нь удаан хугацаа, нөр их хөдөлмөр шаарддаг. Тодорхой хэмжээнд хүнд суртал гэх мэт шалтгаанаар удааширдаг тал ч бий. Тэгэхээр хэрэгжсэн бодит байдалд нь өөрийн биеэр ирээд үзэж, танилцана гэдэг огт өөр мэдрэмж юм.

–Орос, Хятадтай хиллэдэг хоёр боомтыг холбосон босоо тэнхлэгийн зам орон нутагт томоохон ач холбог­долтой болжээ. Төв газраас алслагдсан Ховд аймгийнхны хувьд зам, харилцаа нь сайжирснаар олон ачааг хөнгөлсөн байна. Энэ замын эдийн засгийн өгөөжийг хэрхэн тооцсон бэ?

-Ховд аймгийн хувьд нийслэлээс алслагдмал байршилтай. Хоёр хөрштэйгөө ойрхон хэдий ч зах зээлд нь гарах боломж зам харилцаагаар хязгаарлагдаж байсан. Босоо тэнхлэгийн авто замтай болсноор Монгол Улсаар дамжих худалдааны эргэлт нэмэгдэнэ гэж харж байна. Зам бол бүх салбар дахь бизнесийн эхлэл цэг болдог.

Тиймээс бүх зах зээл тэлнэ гэж найдаж байна. Зам дагасан нутгийн иргэдийн амьжиргаа сайжирч, бизнес нь тэлсэн сайхан жишээтэй бид таарлаа. Монгол Улсын Засгийн газраас энэхүү замаас ирэх эдийн засгийн үр өгөөжийг тооцож гаргах байх. Энэ төслийг батлуулахын өмнө мэдээж эдийн засгийн үр өгөөжийг нь судалж, тооцоолсон. Хэрэгжээд, баригдаад дууссаных нь дараа бодит байдалд нь ирээд үзэхэд бидний тооцсон өгөөжөөс давсан үр дүн гарахаар байна.

–Азийн хөгжлийн банк цаашид Монгол Улсад ямар чиглэлээр хөрөнгө оруулах бол, аль салбарт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Бид Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаад 27 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд олон төслүүдийг амжилттай хамтран хэрэгжүүллээ. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулах салбаруудаа тодорхойлж явдаг. Энэ сарын сүүлээр Монгол Улсын Засгийн газартай  цаашид хамтрах үндсэн чиглэлүүддээ эцсийн шийдэл гаргах гэж байна.

Тодруулж хэлбэл, бид сэргээгдэх эрчим хүч, цэвэрлэх байгууламжийн чиглэлээр төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлнэ.  Мөн жендерийн тэгш байдал, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллана. Улаанбаатар хотод орлогод нийцсэн эко орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр болсон. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх чиглэлд татварын орчныг сайжруулах багц ажлууд үргэлжилнэ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийх төслүүд үргэлжилнэ. Өмнөх жилүүдэд хийгдэж ирсэн үргэлжлэх төслүүдээс гадна шинэ ажлууд ч эхэлнэ.

–Тухайлбал?

– Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллана. Төсөл хөтөлбөр нь ирэх онд батлагдана.  Мөн Азийн хөгжлийн банкны хувьд хилийн боомтууд дээр анхаарч ирсэн. Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт, Бичигт зэрэг боомтын үйл ажиллагааг шинэ дэвшилтэт технологид тулгуурлан сайжруулах, хил дамнасан олон улсын худалдааг шуурхай болгох зэрэг ажлууд төлөвлөсөн.

Мөн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа чухал хэвээр байна. Улаанбаатар хотод орчин үеийн шинэ эмнэлэг барихаар төлөвлөж байгаа. Автозамын салбарт мөн үргэлжлүүлэн ажиллана. Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг шинэчлэн өргөтгөх төслийг ирэх жил эхлүүлэх гэж байна.

–Энэ замын хувьд хүлээлт ихтэй байгаа. Ажил нь хэзээ эхэлж, хэзээ дуусах талаар мэдээллийг уншигчид маань сонирхох байх?

-Эхний ээлжийн санхүүжилтийн шийдвэр өнгөрсөн наймдугаар сард гарсан. Харин өнгөрсөн зун бороо хур элбэг байсны улмаас зам нь нэмж нэлээд эвдэрсэн. Мөн үүнтэй зэрэгцээд Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн зам 65 орчим км эвдэрсэн. Тиймээс нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон. Ирэх оны эхээр шийдвэр нь гарна. Дархан чиглэлийн замын ажил ирэх оны гуравдугаар сард эхлээд хөрөнгө санхүүгийн хувьд саатахгүй бол ирэх жилдээ багтаад дуусчих болов уу.

–Ирэх оны төсвийн төсөлд эдийн засагчид олон байр сууринаас хандаж байна. Азийн хөгжлийн банкны хувьд дүгнэлт өгсөн үү?

-Байгууллагын үндсэн үүргийн хувьд төсвийн төслийг хянах, судлах, үнэлэх асуудал байдаггүй. Миний хувьд төсвийн төсөлтэй бүрэн хэмжээгээр танилцаж амжаагүй явна. Тойм мэдээллээс сонссон хэмжээнд хэлэхэд Улаанбаатар хотод нэн тулгамдсан, яаралтай шийдвэрлэх шаардлагатай агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ихээхэн хөрөнгө төсөвлөсөн байна.  Гэхдээ хэрэгжүүлэх байдал нь нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд байгаа оноогүй юм болов уу гэсэн бодол байна.

–Азийн хөгжлийн банкнаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ямар ажлуудыг хийж байна вэ?

-Агаарын бохирдлыг бүрэн арилгана гэдэг урт хугацаа шаардсан ажил. Энэ жилээс зарим ажлууд эхэлсэн байгаа. Тухайлбал, агаарын бохирдолтой тэмцэхэд хууль эрхзүйн хувьд зохицуулагдаагүй байсан орон зайг нөхөх акт боловсруулах, түүхий нүүрснээс 70 хувиар бага утаа гаргадаг хагас коксжуулсан түлшний үйлдвэрлэл, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдүүдийг агаарын бохирдлоос үүдэн өвчлөх өвчлөлөөс сэргийлэн вакцинжуулах ажлууд үргэлжилж байна. Ирэх жил хийгдэх ажлууд удахгүй илүү тодорхой болно.

–Азийн хөгжлийн банкнаас өнөөдрийг хүртэл Монгол Улсын хөгжилд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм бол?

-2017 оны эцсийн байдлаар нийт 2.35 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдсэн байгаа.

–Хөнгөлөлттэй нөхцөлөөр хэрэгжиж байгаа төслүүдийн хувьд зээлийн эргэн төлөлтөд ямар нэг асуудал манай зүгээс гаргадаг уу?

-Санхүүжилтийн үнийн дүнгийн хувьд өндөр үнэтэй багцууд олон бий. Одоогоор  аливаа төслийн эргэн төлөлттэй холбоотой ямар нэгэн хүлээгдэл, хоцрогдол, үүргээ биелүүлээгүй тохиолдол гараагүй байна.

–Та манай улсад суурин төлөөлөгчөөр гурав дахь жилдээ ажиллаж байна. Хугацаагаа сунгаж ажиллах талаар бодож байна уу?

-Үргэлжлүүлэн ажиллах тал дээр миний хувиараа гаргадаг шийдвэр биш юм.  Суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа албан хаагчдын хувьд нэг улсад 3-4 жил ажилласны дараа дараагийн албандаа томилогддог. Монгол Улс миний хувьд маш танил дотно, эрхэм болсон. Би Азийн хөгжлийн банкинд 2001 оноос хойш Монгол Улсыг хариуцан ажиллаж байна. Эхлүүлсэн, төлөвлөсөн ажлуудынхаа үр дүнг үзэх,  танай нутгийн их амар амгалан, байгалийн сайханд хоргодон үргэлжлүүлэн ажиллах далд хүсэл бол бий /инээв/.

x