Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д шинээр төгөл байгуулав

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой байгуулсан санамж бичгийнхээ хүрээнд байгаль орчны бохирдлыг бууруулахад залуусын оролцоог нэмэгдүүлж, тохижилт бүхий талбайн тоог олшруулах зорилгоор "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д төгөл байгууллаа.

Эл "Сагсан бөмбөгийн ногоон төгөл"-д эхний ээлжинд 50 ширхэг нарс, улиас суулгав. Нийтдээ 3000 ам метр талбайг хамрах тус төгөлд ургуулах моддын нэр төрөл, тоог дараагийн жилүүдэд нэмэгдүүлэх юм. Мөн сүүдрэвч, тоглоомын талбай, сандал зэргийг байрлуулан тохижуулна. Үүний зэрэгцээ ногоон байгууламжийн усалгаа, арчилгаагаа мэргэжлийн байгууллагаар хийлгэх юм.

Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил төгөлийг нээх үеэр "Спортод сонирхолтой, түүгээрээ нэгдсэн 100 гаруй оюутан, залуу, багш нар нийслэл хотынхоо төв цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, төгөл байгууллаа. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын ногоон байгууламж бүхий тохижилттой талбайг нэмж буй ч хүртээмжгүй хэвээр байна. Тиймээс нийслэлийн ИТХ-аас дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гаргасан.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, "Цагдаа толгой" дахь олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар бэлтгэл хангаж байна. Цаашид нийслэлийн ИТХ-аас иргэдэд зориулсан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх ажлаа улам идэвхжүүлж, энэ мэт талбайг олшруулна" гэсэн юм.

 

Сүүлийн жилүүдэд спортоор хичээллэх залуусын тоо олширч буй. Гэвч спортод хэт хорхойсож, нийгмийн идэвхээ сулруулан, хичээлээ орхих дутагдал тэдэн дунд түгээмэл бий. Тиймээс спортод тулгуурлан оюутан, залуусын сурлагын түвшнийг ахиулж, чанаржуулан, соён гэгээрүүлэх арга хэмжээ олныг хэрэгжүүлэх талаар Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч О.Тэнүүн хэлсэн юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ