Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дүүргийн Засаг дарга нэг орлогчтой байх ёстой ч 2-3 орлогчийн орон тоог баталсан байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг танилцуулж байна.

Энэ үеэр төсвийн болон орон нутгийн өмчит 164 газарт хийсэн аудитын ажил болон аудитаар илэрсэн зөрчлүүдийг мэдээлж байгаа юм.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/304629840130879/

Үндэсний аудитын газар болон Нийслэл дэх Төрийн Аудитын Газар нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит 164 газрыг хамруулан, 2018 оны тавдугаар сарын 7-ны өдрөөс эхэлж есдүгээр сарын 28-ны хооронд “Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт, үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийжээ.

Аудитын ажлын талаар Гүйцэтгэх аудитын хэлтсийн ахлах аудитор С.Зоригт мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Монгол Улсад төрийн нэг албан хаагчид 17 иргэн ногдож байгаа. Улаанбаатар хотод төрийн нэг албан хаагчид 399 хүн ногдож, улсын дунджаасаа 23 дахин их байна.

Дүүргүүдээр авч үзвэл, төвийн зургаан дүүргээс БЗД-т төрийн албан хаагчийн ачаалал хамгийн өндөр байгаа бол СБД-т ачаалал бага байв. Төвийн зургаан дүүргийн ачаалал алслагдсан гурван дүүргээс 6.6 дахин өндөр байна" гэв.

2017 оны судалгаагаар нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудад нийт 12,415 ажилтан ажиллажээ. Үүнээс

  • 3,751 буюу 30.2 хувь нь төсвийн байгууллагад,
  • 8,664 буюу 69.8 хувь нь орон нутгийн өмчит газруудад ажилладаг албан хаагчид байгаа аж.

Нийт ажилтны орон тоо 2016 онд өмнөх оноос 1,094 буюу 9.9 хувь, 2017 онд өмнөх оноос 621 буюу 5.2 хувиар тус тус өссөн байна. Хоёр жил дараалан өссөн төрийн болон орон нутгийн өмчит газруудад ажиллагсдын тоо энэ онд буурсныг мэдээллээ.

Аудитаар илэрсэн зөрчлүүд:
  1. Дүүргийн  Засаг даргыг нэг орлогчтой байхаар заасан ч дүүргийн Засаг дарга нар дээрх хуулийн заалтыг зөрчин нэмэгдүүлэн баталсан байна. Дүүргүүдийн хэмжээнд нийт Засаг даргын орлогч ес байх ёстой байтал 14-өөр нэмэгдүүлж 23 болсон байгаа аж. Тодруулбал, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн Засаг дарга нар тус бүрдээ гурав, Сүхбаатар, Чингэлтэй, Багануур, Багахангай дүүргийн Засаг дарга нар хоёр орлогчтой.
  2. ЗГ-ын 2016 оны 4 дүгээр тогтоолоор ЗГ-ын агентлагийн орон тоо нь 100-гаас дээш ажилтантай бол дэд буюу орлогч даргатай, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байхаар баталсан байхад Нийслэлийн Засаг дарга үүнийг жишиг болгон баримтлаагүйгээс хэрэгжүүлэгч агентлагуудад дэд буюу орлогч дарга 18-аар илүү байна гэв.
  3. 2015-2017 онд томилогдсон 1,369 ажилтан, албан хаагчдыг аудитын түүвэрт хамруулан шалгахад 306 буюу 22.3 хувь нь хууль тогтоомжийн болон холбогдох шаардлагыг хангаагүй байгаа аж.
  4. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ЗГ-аас 2014 оны 5 дугаар сард  “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" 147, УИХ-аас 2016 оны 9 дүгээр сард “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 47 дугаар тогтоолуудыг зөрчин 2015- 2017 онд төсвийн 3,737.6 сая төгрөгийг арвилан хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулжээ.

Илэрсэн зөрчлийг арилгаж, давтан гаргуулахгүй байх талаар Нийслэл, дүүргийн Засаг дарга нар, дүүргүүдийн ИТХ зэрэг байгууллагуудад 20 албан шаардлага хүргүүлснээ хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт тус бүр гурав, Төрийн албаны Нийслэл дэх салбар зөвлөлд нэг, дүүргийн ИТХ-ын дарга нарт хоёр, Засаг дарга нарт тав, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хоёр, давхардсан тоогоор нийт 16 зөвлөмж өгсөн гэв.

Цаашид аудитын зөвлөмжийг хэрэгжүүлснээр дээрх алдаа зөрчлүүд арилахаас гадна жилд дунджаар төсвийн 1,003.6 сая төгрөг хэмнэх боломжтойг мөн хэллээ.

Тайлангийн бүрэн эхтэй ЭНД дарж танилцана уу.