Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

ОУ-ын Хуульчдын Холбооны "Үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн оны шилдэг хуульч" шагналыг анх удаа Монгол хуульч авчээ

Б.Ану
2018 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Nyamtseren Bataa Фэйсбүүк хаягнаас ашиглав. Зурагт зүүн гар талаас хоёр дахь хүн нь Х.Баасанжаргал болно,

Дэлхийн хуульчдын хамгийн том нэгдэл болох International Bar Association буюу Олон Улсын Барын Холбооноос жил бүр Олон Улсын Хуульчдын Нэгдсэн Чуулган (IBA Annual Conference)-г зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд Монгол Улсаас тодорхой тооны төлөөлөл  тус чуулганд дэлхийн бусад орны хуульчидтай зэрэгцэн оролцож, хуулийн салбарын шинэ хандлага, хуулийн үйлчилгээний цаашдын чиг хандлагын талаар шинэ соргог мэдээллийг авдаг байна. 

Жил бүрийн тус чуулганд Олон Улсын Барын Холбооноос оны шилдэг хуульчдыг 10 гаруй төрлөөр шалгаруулан, алдаршуулдаг ба тэдгээрийн онцлох нэг төрөл нь IBA Pro Bono Award буюу Про Боно үйлчилгээ үзүүлдэг шилдэг хуульчийн шалгаруулалт байдаг аж. 

Тодруулбал, улс орон болон олон нийтийг хамарсан нэн тэргүүний, хүний эрхийн, чухал асуудалд сайн дурын үндсэн дээр, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэн, бусад орны хуульчдад жишээ болохуйц сайн туршалагыг бий болгож яваа хуульчийг дээрх номинацын дагуу шалгаруулдаг байна. 

Энэ жилийн IBA Pro Bono Award-д дэлхийн олон орны чадварлаг хуульчид өрсөлдөхөөр материалаа ирүүлсэнээс сүүлийн шатанд Их Британи, Нигер, АНУ, Бангладеш, Монгол, Австрали, Польш гэсэн орнуудаас нийт долоон хуульчийг эцсийн шатанд өрсөлдүүлэхээр нэрлэгдээд  байсан  бөгөөд тэдгээрээс Монгол Улсын өмгөөлөгч Х.Баасанжаргал эцсийн шатанд шалгарчээ. 

Тэрбээр 2016 оноос өвөл, хаврын цагт бага насны хүүхдээр хурдан морь унуулж уралдуулах тухай Засгийн газрын шийдвэрийн эсрэг олон улсын болон дотоодын хүүхдийн эрхийн төрийн бус байгууллагуудад хууль зүйн туслалцаа үзүүлэн, хамтран ажиллаж, Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоосон тухай  Өмгөөллийн "ИЭлСи" ХХН мэдээлжээ. 

Шалгарсан өмгөөллийн танилцуулгаас: 

Энэ тухай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан  "Олон улсын хуульчдын холбооны "Үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн оны шилдэг хуульч" шагналыг анх удаа Монгол хуульч авчээ. Монголын хуульчид дэлхийн шилдэг хуульчдын зэрэгт хүрч буйн олон сайхан жишээний нэг бол энэ боллоо. Үүнийг мундаг гэхгүй бол өөр юуг мундаг гэх үү. Хүний амьдралд эeрэг өөрчлөлт авч ирж, үнэт зүйл бүтээх бүх ажиллагаа бол манлайлал байдаг. 

Х.Баасанжаргал хуульч юу хийсэн бэ гэвэл тэрбээр өвөл, хаврын хахир хүйтэн цагт жаахан хүүхдээр хурдан морь унуулж зугаа цэнгэлийн обьект болгодог буруу практикийн эсрэг бүтэн жил үнэ төлбөргүй ажиллаж хуулийн аргаар тэмцсэн бөгөөд тэдний хуулийн фирм ч бүхий л талаар дэмжиж ингэж ажиллах боломж олгожээ.

Өөрөөр хэлбэл, эдгээр хуульчид өвөл, хаврын уралдааны товыг тогтоосон Засгийн газрын тогтоолыг хууль бус гэж захиргааны шүүхэд өгч ялалт байгуулсан.

Олон зуун унаач хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж сурч боловсрох эрхээ эдэлж чаддаггүй, эрүүл мэндээрээ хохирдог, бүр амь насаа алдахад хүрдэг байдлыг таслан зогсооход хувь нэмэр оруулсан утгаараа Х.Баасанжаргал, Б.Баяр  өмгөөлөгчөөр ахлуулсан ELC-ийн хамт олон бол манлайлагчид. Өвөл, хаврын уралдаанд хүүхдээр морь унуулах нь Монгол уламжлал биш төдийгүй хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэдгийг тогтоосон, маш сайн үндэслэлтэй шийдвэрийг захиргааны гурван шатны шүүх гаргасан. Эдгээр нь Монголын шүүх шийдвэрээрээ шударга бусыг өөрчлөх боломжтойг харуулсан олон жишээний нэг. Сайн хуульч бол ямагт манлайлагч байдаг" гэжээ. 

Х.Баасанжаргал хуульчид шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 11-нд Италийн Ром хотод болох юм байна.