Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад бүртгэлтэй 5,469 хуульч байна

О.Булган, iKon.mn
2018 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Их сургууль, Монголын Хуульчдын Холбоо, Чимэд сан, Герман улсын Hanns Seidel Сан болон Япон улсын Нагоягийн Их сургуулийн хамтран зохион байгуулж буй “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж өнгөрлөө.

Хуралдаанаар үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал болон захиргааны эрх зүйн асуудал сэдвээр салбар хуралдааныг зохион байгууллаа.

Тус хуралд БНСУ, Япон, Канад, ХБНГУ, ОХУ зэрэг олон улсын туршлагатай хуульч, эрдэмтэн, профессорууд оролцлоо. Энэ удаагийн хурлын хэлэлцэж буй гол асуудал нь энэ намрын чуулганаар хэлэлцэхээр зэхэж буй Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл ба захиргааны нэмэлт өөрчлөлт зэрэгтэй давхцжээ. Үүнээс гадна олон улсын эрдэмтэд дэлхий нийт дэх захиргааны үндсэн хуулийн асуудлын хүрээнд санал солилцож, хэлэлцүүлэг өрнуулж буйгаараа онцлогтой аж.

МУИС-ийн Хууль зүй, нийтийн эрх зүйн танхимын дэд профессор А.Бямбажаргал “Монгол Улсад 1992 оноос хойш янз бүрийн хуулийн холбогдолтой асуудлууд хэлэлцэгдэж ирсэн. Харин энэ удаагийн хэлэлцүүлэг нь одоогийн байдлаар Монгол Улсад болж буй үйл явдалд хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд олон улсын эрдэмтдийн санал бодол, зөвлөмжүүдийг хүргэхээр болж буйгаараа онцлог юм.

Мөн хэлэлцүүлгийн үр дүнд бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч нарт хуулийн хүрээнд бас нэг төрлийн хувилбарыг гаргаж, хүргэх зорилготой ба энэ нь эрдэмтэн судлаачдын нийгэмд үзүүлж буй нэг гол үүрэг юм” гэлээ.

Энэ оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсад 5,469 бүртгэлтэй хуульч байна. Үүнээс 512 шүүгч, 490 прокурор, 2,170 өмгөөлөгч, 2,327 бусад хуульч нар байгаа талаар Монголын хуульчдын холбоо мэдээлэв.