Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

З.Ганчимэг: Монгол залуус “Тоастмастерс”-ийн дэлхийн тайзнаа өрсөлдөх үе ойрхон байна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

“Тоастмастерс Интернэшнл” нь 143 улсад 16.600 клуб, 357.000 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын боловсролын нэр хүндтэй байгууллага юм. Тус байгууллагын Монгол дахь салбар, “Тоастмастерс Монгол” Үндэсний байгууллагын тэргүүн, Англи хэлний академийн захирал, доктор, дэд профессор З. Ганчимэгтэй ярилцлаа. 


-“Тоастмастерс Монгол” үндэсний чуулганд энэ жил дэлхийн ерөнхийлөгч нь хүрэлцэн ирж байгаа юм байна. Монголыг зорин ирэх болсон нь та бүхний ажлыг үнэлснийх байх гэж бодож байна. Бэлтгэл ажил ид өрнөж байна уу?

-Бид “WHERE LEADERS ARE MADE” уриан дор Үндэсний Хоёрдугаар чуулганаа Улаанбаатар хотноо 500 гаруй зочид төлөөлөгчдийг оролцуулан 2018 оны 10 сарын 06-нд Улаанбаатар Чуулгын Концертийн их танхимд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Чуулганы үйл ажиллагаанд анх удаа “Тоастмастерс Интернэшнл” Олон Улсын байгууллагын 2015-2016 оны Дэлхийн Ерөнхийлөгч ноён Жим Кокочи (Jim Kokocki) уригдан илтгэл тавьж, Үндэсний Аварга Шалгаруулах тэмцээний Ерөнхий Шүүгчээр ажиллах юм.  

143 оронд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын Дэлхийн Ерөнхийлөгч Монголд зочилж байгаа нь бидний үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаа юм. Клубүүдийн залуус маань тус тусын үүрэгт ажлыг хуваарилж аваад дор бүрнээ үндсэн ажлынхаа хажуугаар Чуулгандаа чармайн бэлдэж байна. Бидэнд хийж бүтээхээр төлөвсөн ажил их байна. Бид Үндэсний Байгууллагын дэргэд Тоастмастерсийн мэргэшсэн зөвлөхүүдийг бэлдэх том төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байна. Энэ бүгд ашгийн бус, гишүүдийнхээ хөгжлийн төлөө юм.

 

-“Тоастмастерс”-ийн гишүүн болоод 7 хоног бүр клубын хуралдаа очин англиар ярьж, илтгэл тавих зэргээс гадна хөгжлийн ямар боломжууд байдаг вэ?

-Хамгийн гол нь хийнгээ суралцах арга барил юм. Манлайлал, хувь хүний хөгжлийн тухай олон ном уншиж, онол судалсан ч амьдрал дээр хүн удирдаж, ажил зохион байгуулж, алдаж, онож байж л лидер болон төлөвшинө шүү дээ. Клубын зохион байгуулалт ч гэсэн компанийн бүтэцтэй төстэй. Ерөнхийлөгч, Боловсрол, Гишүүнчлэл, Олон нийтийн харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч, санхүүч, нарийн бичгийн дарга, зохион байгуулагч гэсэн албан тушаал байдаг. Эдгээр ажлуудыг жил бүр өөр өөр гишүүд сонгогдож хийдэг учраас хүн бүрт хөгжих боломж олддог.

Монголчуудын хувьд “нэг сумаар хоёр туулай буудна” гэдэг шиг Тоастмастерсийн гишүүн болсноор харилцаа, манлайллын чадварт бодитоор суралцангаа, англи хэлээ сайжруулах бүрэн боломжийг нээж өгдөг юм. Эхний хуралд суухад бусдыг хараад ямар мундаг юм бэ хэмээн индэр дээр гарч ярихаас айж байсан хүн 5-6 удаа тасралтгүй хуралд идэвхитэй оролцоход өөрийн эрхгүй чих нь онгойж, ярьж эхэлдэг юм аа.

-Албан байгууллагуудын дэргэд бас “Тоастмастерс”-ийн клуб үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Ажлынхаа хажуугаар англи хэлээ сайжруулна гэдэг бас боломж шүү?

-Үнэхээр Тоастмастерс хэмээх энэ хувь хүний хөгжлийн төлөө байгууллага Монголын минь албан газар, их сургууль, сум дүүрэг болгонд байгуулагдаж, Монгол залуус маань маш сайн харилцагч, англи хэлний өндөр мэдлэгтэй манлайлагч болон төлөвшихөд нь тусалж чадна гэдэгт би итгэдэг.

Монголд одоогоор Эрдэнэт УБҮ, MCS APB Brewery, Англи хэлний академи, Вагнер Ази, APB Tiger, Онцгой байдлын Ерөнхий Газар, Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк зэрэг байгууллагад ажилтнуудынх нь санаачлагаар байгууллагдаж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. 

-Таныг Тоастмастерсийн олон улсын хурлаас шагнал авч байсныг мэдэх юм. Тус боловсролын байгууллагын энэ олон арван жил амжилттай оршин тогтносон нууцыг та юу гэж анзаарсан бэ?

- АНУ-ын Вашингтон хотноо 2016 оны 08 сард дэлхийн 2000 гаруй шилдэг манлайлагч, алдарт илтгэгч нар хуран чуулсан тайзнаа анх удаагаа Монгол улсынхаа нэрийг гаргаж, тугаа барьсаар хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох "Олон улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал"-ыг гардан авах том хувь тохиосон.

1924 онд байгууллагдсанаас хойш өнө удаан оршин тогтнож, тэрбум гаруй үе үеийн манлайлагчдыг төрүүлсний гол нууц нь энэ байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлд оршдог гэж би итгэдэг. Хувь хүний хөгжлийн төлөө гэсэн чин шугам барьж, гишүүдийнхээ төлөө ажилладаг энэ байгууллагаас харилцаа, манлайлал 2 салшгүй амин холбоотой болохыг мэдэрдэг. 90 гаруй жилийн турш байнга боловсронгуй болон шинэчлэгдэж байдаг хөтөлбөрт нь том давуу тал байдаг. Үргэлж бие биендээ урам зориг өгдөг, эерэг хандлагатай орчин бүрдүүлдэг учраас Тоастмастерс болсон хүн насан туршдаа энэ байгууллагын гишүүн хэвээр үлддэг. Мэдээж хэрэг, хувь хүн бүрийн өөрсдийн хүчин чармайлт асар чухал. Хуралдаа ирээд зүгээр л бусдыгаа харж суувал сайжрахгүй нь ойлгомжтой. Энэ жилийн Дэлхийн илтгэлийн аварга болсон Рамона Смит “Би Тоастмастерсийн гишүүн болоод 8 жил тасралтгүй, алдаж, онож шантаршгүй зүтгэсний хүчинд өнөөдөр мөрөөдлөө биелүүлж Дэлхийн аварга боллоо.” гэж хэлсэн. Тоастмастерс бол эгэл багш энэ бүсгүйг ч Дэлхийн хүн болох боломжийг нээж өгдөг гайхамшигтай байгууллага юм шүү.

-Дэлхийн ерөнхийлөгчийг манай уншигчдад танилцуулна уу? Шинэлэг сэдвээр сургалт хийнэ гэсэн, агуулга нь юу вэ?

-Ерөнхийлөгч Жим Кокочи Канад улсын иргэн, бизнесийн зөвлөх, сайн дурын хүмүүнлэгийн хэд хэдэн байгууллагыг үүсгэн байгуулсан хүн. Дэлхийн ерөнхийлөгч маань Чуулганы үеэр үндсэн 2 илтгэл тавина. Тоастмастерс байгууллагын хамгийн сүүлийн үед хэрэгжүүлж эхэлсэн Pathways хэмээх цоо шинэ боловсролын цогц хөтөлбөрийн талаар эхний сургалт байх юм. Энэ хөтөлбөр нь танд харилцааны болон манлайллын зайлшгүй шаардлагатай 300 гаруй чадамжийг эзэмшүүлэхэд чиглэсэн. Тухайлбал Манлайлал хөгжүүлэлт, Үр дүнтэй көүчинг, Багийн хамтын ажиллагаа, Илтгэх ур чадвар, Итгүүлэн үнэмшүүлэх нөлөөлөл, Бусдыг урамшуулан сэдэлжүүлэх, Стратегийн Түншлэл, Алсын хараатай харилцаа, Инновацилаг Төлөвлөлт, Динамик манлайлал гэх мэт тусгайлан бэлдсэн 10 багцаас өөрт нэн шаардлагатайг нь сонгон авч тус тус 5 түвшинтэй төслийн дагуу www.toastmasters.org нэгдсэн сайт дээрх гарын авлага, видео зөвлөмж, зөвлөгөөг багтаасан цогц онлайн сургалт гэж ойлгож болно.

Хоёрдахь илтгэл нь Тоасмастерс гишүүн болж улмаар клубт албан тушаал хашиж, цаашлаад Дэлхийн Ерөнхийлөгч болсноор юу сурч мэдсэн, ойлгосон тухайгаа Монголын Тоастмастерчуудтай хуваалцах юм.

-Энэ жилийн арга хэмжээний онцлог, өгөөж нь юу байх бол?

-Энэ жилийн Чуулган онцлох үйл явдлаар дүүрэн байх нь. Уг чуулганы гол зорилго нь олон нийтэд тус байгууллагын үйл ажиллагааг таниулах, Дэлхийн Ерөнхийлөгчийн айлчлалаар дамжуулан Монгол орноо дэлхийд сурталчлах, улмаар Монгол Тоастмастерчууддаа урам зориг өгөх юм.

-Нийт хэдэн илтгэгч оролцож байна, илтгэлийн агуулга, хэлбэрт шалгуур бий юу?

-Үндэсний аварга шалгаруулах тэмцээн нь 3 үе шаттай явагдаж байна. Эхний шалгаруулалт нь клуб дотроо зохион байгуулагдсан бөгөөд улмаар 24 гишүүн Хагас шигшээ тэмцээнд оролцсоноос есөн Тоастмастер шалгарч 10 сарын 06-ны өдөр Чуулганы үеэр Аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.  Оролцогсдод Тоастмастерсийн Олон улсын тэмцээний үндсэн шаардлагыг тавьдаг.

Энэ жилийн тэмцээн 3 үе шаттай явагдаж байгаа болоод ч тэр үү илтгэгч нарын ур чадвар үнэхээр онцгой сайн байна. Англиар байтугай эх хэлээрээ олны өмнө гарч ярина гэдэг хэн хүний давдаг даваа биш. Гэтэл англи хэлийг Монголдоо сурч эзэмшсэн залуус туулсан амьдралын туршлага, хайрлаж хүндэлж явдаг хүмүүсийнхээ тухай урам зориг, ухаарал өгсөн олон сайхан илтгэлийг өгөгдсөн 5-7 минутын турш яг л мэргэжлийн жүжигчин шиг  гайхалтай өгүүлэмжтэйгээр англиар тавихыг сонсоод бахархах сэтгэл төрж суулаа.

-Дэлхийн Тоастмастерсийн Илтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос хэзээ оролцох бол? Ямар шалгуурыг давдаг юм бол?

-Монгол залуус дэлхийн тайзнаа гарч, өрсөлдөх цаг хугацаа улам л ойртож байна. Тогтмол үйл ажиллагаа явуулдаг 90 клубтэй байж тэндээсээ шалгарсан оролцогч дэлхийд өрсөлдөх шалгуурыг тавьдаг юм билээ. Клубуудын тоо манайд жил ирэх бүр нэмэгдэх тусам Монгол залууст дэлхийд өрсөлдөх хөгжлийн боломжууд нэмэгдэж байна гэж баярладаг. Саяын илтгэлийн уралдаанд оролцсон нэг оролцогч маань “Тэмцээнд оролцож, өөрийгөө ялсан журмын нөхөддөө баяр хүргэе” гэж хэлсэнчлэн “Өөрийгөө ялна” гэдэг бас хамгийн чухал юм даа.

 

-Тус байгууллагаас хөгжлийн замаа олж, англи хэлээр ярих, илтгэх чадвараа сайжруулж буй олон залуус байдаг юм билээ. Таны хувьд тэдэнд ийм боломж олгосондоо бахархаж явдаг байх. Монголд анх оруулж ирэх гэж хэр их шалгуур давсан бол?

-2010 оны 11 сарын тэр нэгэн өдөр Б.Ганчимэг, Т.Мөнх -Очир, С.Мандахгэрэл бид 4 Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль дээр цуглаж, Тоастмастерс Интернэшл гэдэг дэлхийн том байгууллагыг Монголдоо албан ёсоор байгуулах тухай хуралдаж байсан үе ердөө өчигдөрхөн мэт санагдах авч даруй 8 намрыг ардаа үдэж, бид олуулаа болж, 10 клуб байгуулагдаж хөгжлийнхөө дараагийн шат руу өгсөж явна.

Анхны юм бүхэн дурсамж дүүрэн, сэтгэлд тодхон. Тэр үед бидний дундаас хэн нь ч  өмнө нь Тоастмастерсын хуралд оролцож байгаагүй болохоор бүх юм шинэ, бас л чангахан байж билээ. Анх клубыг удирдан , зохион байгуулахтай холбоотой олон асуудал тулгарч байсан ч бид хамтдаа амжилт өөд алхалсаар өнөөдөр Үндэсний Хоёрдугаар чуулганаа зохион байгуулах гэж байна. Олны төлөө хийж байгаа бидний ажлыг дэмжиж энэ удаагийн арга хэмжээнд хамтран ажилласан Голомт банк, Вагнер Ази, ХХБ, АПУ, Virginia Олон Улсын Их Сургууль, Англи хэлний академи, Кемпинский Зочид Буудал, Amicus Mongolia, Global Event, LED ххк,  зэрэг байгууллагууддаа талархал илэрхийлмээр байна.

Аливаа улс төрийн нам, шашинаас ангид цэвэр хувь хүний хөгжлийн төлөө боловсролын байгууллага учраас тоо биш чанарыг эрхэмлэж, нэг ч гэсэн гишүүнийхээ амьдралд өөрчлөлт авчрахын төлөө ажилласаар байна. Олон зуун Монгол залуус Тоастмастерс болсныхоо ашиг тусыг хүртэж, зорьсон газраа эрдэм сурч, ихийг бүтээж байна.

Долоо хоног бүр “Тоастмастерсийн хуралдаа очно доо. Ямар гоё вэ?” хэмээн сэтгэл догдлон хүлээдэг нь бид нэгэн гэр бүлийн гишүүд шиг бие биенээ дэмжин, хамтдаа англи хэл, харилцааны чадвараа сайжруулцгааж, улам их эрч хүч бие биендээ өгдөгт манай байгууллагын үнэ цэнэ оршдог. Энд бид насан үүрдийн нөхөрлөлийг бүтээж байдаг.

-Танд болон танай Тоастмастерчуудад амжилт хүсье.